Цэцэрлэгийн гал тогоонд шинэ тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-04-13 19:17:09
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын ОНХС-ийн хөтөлбөр, төслөөр Дархан сумын наймдугаар цэцэрлэгт хоёрдугаар  хоолны тогоо, бэлтгэлийн ширээ, сав суулга, хөлдөөгч зэрэг нийт 5 сая төгрөгийн өртөг бүхий шаардлагатай тоног төхөөрөмж, эд хэрэглэлийг хүлээлгэн өглөө.
Ингэснээр тус цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол хүнсний материалыг хадгалах, бэлтгэх, боловсруулах, зөөвөрлөх шат дамжлагуудад эрүүл ахуйн стандарт шаардлага хангасан тоног төхөөрөмж, сав суулгыг хэрэглэх боломж илүү нэмэгдэж байгаа юм.
Дархан сумын Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт сургуулийн өмнөх боловсролын байгууллга /СӨББ/ ерөнхий боловсролын сургуулиудын /ЕБС/ материаллаг баазыг сайжруулж, хүүхдийн ая тухтай суралцах орчныг бүрдүүлэх зорилт тусгагдсан. Энэ хүрээнд тус цэцэрлэгийн гал тогоог орчин үеийн  тоног төхөөрөмжөөр хангажээ.
Наймдугаар цэцэрлэгт 6 бүлгийн 210 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна.
 
Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ