У.Хүрэлсүх: Аав нар хүүхдийн эрхийг хамгаалах, хүмүүжүүлэхэд анхаарах цаг болсон

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-06-01 12:34:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй “Монгол хүүхдүүд” баярын арга хэмжээний албан ёсны нээлт боллоо.

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг Монголд 66, олон улсад 93 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдөр хүүхдийнхээ эрхийг хамгаалах чиглэд төр засаг, эцэг эхчүүд ямар ажлыг хийж хэрэгжүүлсэн, цаашдаа юу хийхээр төлөвлөж буйгаа танилцуулж, харилцан ярилцаж, асуудлын гарц, шийдлийг тодорхойлдог гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээлтийн үеэр онцлов. Мөн хүүхдийг хамгаалх, өсгөж, хүмүүжүүлэх чиглэлд гэр бүлийн ноён нуруу болох аав нар анхаарлаа хандуулах цаг болсон хэмээн  Ерөнхий сайд дурьдаад, “Хүүхдийг хэн хамгийн их хайрладаг вэ гэж асуухад хүн бүр, хүүхэд болгон “ээж” гэж хариулдаг. Аав нар гэр бүлээ тэжээхийн төлөө зүтгээд ар гэртээ төдийлөн анхаарч чаддаггүй. Өнөөдөр энэ талбай хүүхдүүдийн инээд хөөр, аз жаргалаар дүүрэн байна. Гэхдээ аав, ээжтэйгээ хамт баяраа тэмдэглэж чадахгүй байгаа олон хүүхэд бий гэдгийг бид мартаж болохгүй. Монгол Улс хөгжиж, үр хүүхэд минь инээд хөөрөөр дүүрэн байж, хань ижил минь аз жаргалаар бялхаж байхын төлөө эрчүүд бид сайн ажиллах ёстой. Энэ Монгол Улсыг нуруун дээр үүрч яваа хүмүүс бол эрчүүд. Тиймдээ ч би сүүлийн үед эрчүүдийн үүрэг хариуцлагын талаар түлхүү ярих болсон. Эр хүн гэр бүлээ тэжээх, хамгаалах гэж, улс эх орноо аюул занаас батлан хамгаалахын тулд төрдөг. Тиймээс эрчүүд гэр бүлээ хайрлаж, хамгаалах үүрэг, хариуцлагаа мартаж болохгүй. Бидний аз жаргал бол үр хүүхдийн минь сайн сайхан амьдрал юм” гэлээ.

Мөн үеэр нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд, “Жил бүрийн энэ өдөр Улаанбаатар хотын төв талбайд өнгө өнгийн бөмбөлөг алаглан, эх орны ирээдүй болсон хүүхэд багачууд дуу цангинадаг уламжлал тогтоод удаж байна. Энэ арга хэмжээ нэг талаас ёслол, хүндэтгэл мэт харагдах боловч нөгөө талаас хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд төр засгийн үйл ажиллагааг танилцуулдаг юм. Улаанбаатар хот “Хүүхдэд ээлтэй хот” болох зорилт тавин ажиллаж байгаа. Хүүхдийн сурах, хүмүүжих орчныг сайжруулах зорилгоор Засгийн газартай хамтран сургууль, цэцэрлэгийн барилгуудын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг өрнүүлж байна. Мөн сургууль, цэцэрлэгийн эзэмшлийн газрыг хувь хүн, компанид олгохгүй байх шийдвэр гаргалаа. Ингэснээр хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох, хүмүүжих боломж бүрдэх юм. Хүүхдийн эрүүл мэндийн асуудалд ч анхаарч улс, нийслэлийн төсвөөр хүүхдийн эмнэлэг, амбулаторийн төв байгуулах чиглэлд ажиллаж байгаа” гэлээ.

“Монгол хүүхдүүд” баяр Нийслэлийн урлагийн их наадмын шилдэг оролцогчид, Олон улсын Бяцхан миссийн уралдааны шагналтнуудын тоглолт болон Цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн үзүүлэх тоглолт зэрэг урлаг соёлын арга хэмжээгээр үргэлжилж байна. Энэ үеэр баяраа тэмдэглэж буй хүүхдүүдтэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.

Н.Бат-Уянга, “Би одоо 10 настай. Өнөөдөр аав, ээжтэйгээ хамт Хүүхдийн баяраа тэмдэглэж байна. Талбай дээр үеийн хүүхдүүдийнхээ тоглолтыг үзэж, амьтны хүрээлэнгээр зочилсондоо баяртай байна. Баярын нээлтийн үеэр Ерөнхий сайд бидэнтэй адил баярлаж чадахгүй байгаа олон хүүхдийн талаар ярьсан. Тиймээс би ирээдүйд хүүхэд бүрийг баярлуулдаг, сайн хүн болохын төлөө одооноос хичээн суралцах болно”

Б.Эрдэнэбат, “Би 13  настай. Эмээ, өвөөтэйгөө хамт баярлаж байна. Ээж, аав минь гадаадад байгаа учраас хамт баярлаж чадсангүй. Зургадугаар сарын 01-нийг Хүүхдийн баяр гэж л мэдэхээс “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” гэдэг талаас нь сайн мэдэхгүй. Хүүхдийг хүчирхийлээс хамгаалах, сурч боловсрох орчинг нь бүрдүүлэхийн төлөө дэлхий нийтээр нэгддэг өдөр гэж ойлгож байгаа. Ирээдүйд цагдаа болж энх тайван, амар амгалан, аюулгүй нийгмийг бүтээхийн төлөө ажиллана"

НЗДТГ-аас зохион байгуулж буй “Монгол хүүхдүүд” баярын үйл ажиллагаа 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ