Дэлхийн банк автозам, тээврийн хөрөнгийн менежментийн чиглэлээр дэмжлэг үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-06-05 14:40:29
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Даян Дэлхийн Гамшгийн Эрсдлийг Бууруулах, Сэргээх Сангийн буцалтгүй тусламжтайгаар Дэлхийн Банкны шинэ техникийн туслалцааг эхлүүллээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Дэлхийн Банкны Монгол Улсад суугаа Суурин төлөөлөгч Жеймс Андерсон нар уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох чадавхи бүхий Улаанбаатар хотын зам тээврийн дэд бүтцийн хөрөнгийн менежмент, төлөвлөлтийг хийхэд хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт  гарын үсэг зурлаа.

Харилцан ойлгоцлын санамж бичигт гарын үсэг зурснаар авто замын хөрөнгийн ангилал, үндсэн мэдээллийг агуулсан хөрөнгийн тооллого, бүртгэлийн системийг бий болгоход Дэлхийн Банкнаас Нийслэлд туслалцаа үзүүлэх юм байна. Мөн Улаанбаатар хотын уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох чадавхитай авто зам, тээврийн дэд бүтцийн хөрөнгийн төлөвлөгөөний эхний үе шатыг боловсруулахад туслах ажээ.

Уг төлөвлөлт нь уур амьсгалын өөрчлөлтийн даван туулах, дасан зохицох чадавхийг сайжруулахад нэн тэргүүнд шаардлагатай засвар, арчлалтыг хийхэд чиглэсэн хотын авто зам, тээврийн дэд бүтцийн хөрөнгийн менежментийн урт хугацааны төлөвлөгөө байна гэдгийг албаныхан хэллээ.

Улс болон хотын засаг захиргааны авто зам, тээврийн дэд бүтцийн төлөвлөлт, арчлалтыг хариуцсан албаны хүмүүст хөрөнгийн судалгаа,  менежментийн төлөвлөгөөг боловсруулах чиглэлээр сургалт явуулах юм байна.

Одоо ашиглаж буй авто зам, тээврийн дэд бүтэц гэнэтийн үер, шуурга, өвлийн улиралд авто замын мөстөлт зэрэг цаг ууртай холбоотой аюулт үзэгдэлд өртөмтгий байгаа нь хотын зам тээврийн үйлчилгээний чанарт нөлөөлж, энэ чиглэлээрх хөрөнгө оруулалтын хэрэгцээг нэмэгдүүлж буйг 
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү тодотгов.

 Б.Заяа
Холбоотой мэдээ