Жендерийн тэгш байдлыг хангахад олон нийтийн боловсролыг нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-06-29 14:18:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жендерийн тэгш байдлыг хангах талаар дэлхийн 100 гаруй оронд даган мөрдөх “Улаанбаатар тунхаглал”-ыг манай улсад 2 өдөр чуулсан “Тогтвортой хөгжлийн зорилт: Жендер ба хөгжил” олон улсын бага хурлаас гаргаад байна.
ХНХЯ, Жендерийн Үндэсний хороо, АХБ хамтран Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулсан олон улсын дээрх бага хурлаас гаргасан “Улаанбаатарын тунхаглал”-д жендерийн асуудлаар улс орнууд үр бүтээлтэй, хамтран ажиллахад саад болох хэвшмэл ойлголтыг арилгахад анхаарч, эмэгтэйчүүд хүүхдүүд болон нийгмийн бусад бүлгийг ялгаварлан гадуурхах, хүчирхийллээс сэргийлэхийн тулд олон нийтийн боловсролыг нэмэгдүүлэн дээшлүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байгааг тусгав. Энэ талаар АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен, “Бага хурлаас гарсан “Улаанбаатарын тунхаглал” баримт бичиг нь нэгдэн орсон, баталгаажуулсан орнуудаар хязгаарлагдахгүй бөгөөд бусад улс орнуудад ч нээлтэй байх юм” гэдгийг хурлын төгсгөлд онцлож байв. Ингэснээр Монгол Улсад анх удаа болсон энэхүү олон улсын бага хурал нь “Жендэр ба Хөгжил” хандлагын хүрээнд ололт амжилт, туршлагаа солилцох боломжийг бүрдүүлж, “Эх дэлхийгээ шинэчлэх 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийн жендэрийн тэгш байдлыг хангах зорилтыг хэрэгжүүлэхэд олон улсын хамтын ажиллагааны талбар үүсгэх зорилгоо биелүүлснийг хуралд оролцсон гадаад, дотоодын 400 шахам төлөөлөгчид илэрхийлж байв.


Хурлын үеэр Зохистой хөдөлмөр эрхлэлт, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжих жендэрийн түншлэл, хамтын ажиллагаа”, “Амьдралын чанарыг дээшлүүлэхэд жендэрийн шалгуур үзүүлэлтүүдийг үндэсний болон олон улсын түвшинд ашиглах боломж, арга зам”, “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдлийг бууруулах, хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах чиглэлээр олон улсын түншлэл хамтын ажиллагаа” гэсэн гурван салбар хуралдаан болж, хуралдаанаас гарсан саналуудыг нэгтгэн “Улаанбаатар тунхаглал”-д тусгасан юм. Хурлын хаалтын үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Жендэрийн үндэсний хорооны дэд дарга С.Чинзориг хоёр өдрийн хуралдаанд амжилттай оролцсон төлөөлөгчдөд талархал илэрхийлж, “Улаанбаатарын тунхаглалыг бодит үйл хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн Үндэсний хороо манлайлан ажиллах болно” гэлээ. Хуралд оролцсон УИХ-ын гишүүн, УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны гишүүн Н.Амарзаяа, “Монголын парламент жендерийн асуудлаар улс орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд санаачилга гарган хамтран ажиллахын зэрэгцээ энэ талаархи Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг тууштай дэмжин ажиллах болно” гэдгээ илэрхийллээ.
 
Б.Болд
Холбоотой мэдээ