БНЭУ-ын Ерөнхий сайд асан Атал Бихари Важпи таалал төгсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-08-17 18:47:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНЭУ-ын Ерөнхий сайд асан Атал Бихари Важпи энэ сарын 16-ны өдөр таалал төгсөж, БНЭУ-ын Засгийн газраас энэ сарын 16-22-нд төрийн гашуудал зарлалаа.

Үүнтэй холбогдуулан БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны байранд энэ сарын 20-21-нд 10.00-12.30 цаг, 14.30-16.30 цагт эмгэнэлийн дэвтэр нээхээр болжээ.

Атал Бихари Важпи нь 1924 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Энэтхэг Улсын Мадяпрадеш Мужид багшийн гэр бүлд мэндэлжээ.
40 жилийн туршлагатай ахмад дипломатч Атал Бихари Важпи нь Энэтхэгийн Лок Сабха (Иргэний танхим)-д есөн удаа, Раджья сабха (Төрийн зөвлөл)-д хоёр удаа сонгогдож байжээ. Түүнчлэн Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд, УИХ-ын байнгын хорооны чухал үүрэг гүйцэтгэх даргын албан тушаал болоод сөрөг хүчний удирдагчаар ажиллаж байв. Энэтхэг улсын тусгаар тогтнол, гадаад бодлогыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн ноён Важпи оюутан байхдаа улс төр сонирхох болж 1942 онд Британийн колоничлолыг дуусгавар болгох “Энэтхэгээс гар” хөдөлгөөнд нэгдэж байжээ. 1996 онд БНЭУ-ын Ерөнхий сайдын албыг богино хугацаанд хашиж, 1999 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Энэтхэг Улсын үндэсний Ардчилсан Холбооны Шинэ Эвслийн Засгийн Газрын Ерөнхий сайдаар дахин сонгогдсоноор Пандит Жавахарлал Неругийн дараа улиран сонгогдсон хоёр дахь Ерөнхий сайд болсон юм.

Дэлхийн ардчилсан үзэл санааг дэмжиж ирсэн чадварлаг удирдагч, эмэгтэйчүүдийн эрх болон нийгмийн эрх тэгш байдлыг дэмжигч Атал Бихари Важпи Энэтхэг улсын хүндэтгэлийн дээд шагнал болох Барат Ратна (Энэтхэгийн эрднэс)-аар шагнуулж байсан бөгөөд 1994 онд Энэтхэг улсын шилдэг улс төрчөөр тодорч байжээ. Түүнийг ард түмэн чадварлаг удирдагч, мэдлэгтэй улс төрч, уран илтгэгч, яруу найрагч, утга зохиолч, сэтгүүлч хэмээн хүндэтгэдэг юм.
БНЭУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ
Холбоотой мэдээ