Хятадын Худалдааны яам: Хятад-Америк улс эрх тэгш шударгаар зөвшилцөх ёстой

Хилийн чанадаас
dogsom@montsame.mn
2018-09-02 15:17:21
Бээжин /МОНЦАМЭ./ Хятадын Худалдааны яамны албан ёсны Хэвлэлийн төлөөлөгч Гао Фөн өчигдөр Хятад-Америкийн дунд үүсээд буй “Худалдааны дайн”-ы талаар мэдэгдэл хийхдээ “АНУ-ын зүгээс ямар ч дарамт шахалт үзүүлэх арга хэмжээ авсан Хятад улс өөрийн эдийн засгийн хөгжил, шинэчлэл, нээлттэй бодлогыг тогтвортойгоор хэрэгжүүлж, худалдааны олон талт системийг хадгалж, худалдаа хөрөнгө оруулалтын чөлөөт байдлыг дэмжих болно. Хоёр орон эрх тэгш, үнэнч шударгаар зөвшилцөх нь “Худалдааны дайн”-ыг шийдвэрлэх зөв арга зам юм” гэв.
 Тэрээр цааш нь хэлэхдээ “Гадаад худалдааны тогтвортой байдал цаашид сайжирна гэдэгт итгэлтэй байна. Бид тодорхой чиглэсэн бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлж, Хятад улсад байгаа гадны хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүд болон бусад аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, гадаад улсуудын хийж буй хөрөнгө оруулалтын хяналт шалгалтыг сайжруулах зэрэгт Хятад улс анхаарал хандуулж, гадаад улсуудын Хятад улсад хийж буй хөрөнгө оруулалтын нөлөөг үнэлж дүгнэх болно” гэв. 
“Худалдааны дайнд ялагч байхгүй. Хятад-Америкийн худалдаа нь харилцан ашигтай. АНУ, Хятад улсын зарим нэгэн бараа бүтээгдэхүүнд татвар нэмэгдүүлэх арга хэмжээ авсны дараа АНУ-ын экспортын зарим бараа бүтээгдэхүүний үнэ уналтанд орж, импортын бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Мөн АНУ-ын зарим аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлт явуулахад шаардлагатай бараа бүтээгдэхүүний импортод нөлөөлсөн. Жишээлбэл, энэ оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн АНУ-аас Хятадад экспортолж буй авто машины татварыг нэмж 40 хувь болгосон нь АНУ-ын авто машины экспортод сөргөөр нөлөөлсөн. Үүний зэрэгцээ Хятад улсын гадаад худалдааны зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд нөлөөлж байна. Хятадын зах зээл бол нээлттэй зах зээл байсаар ирсэн. АНУ-ын талыг яриа хэлэлцээний арга замаар энэхүү маргааныг шийдвэрлэнэ гэж найдаж байгаагаа” энэ үеэр илэрхийллээ. Дашрамд дурдахад, хоёр талын холбогдох албан тушаалтнууд өнгөрсөн долоо хоногт яриа хэлэлцээр хийсэн боловч хангалттай үр дүнд хүрч чадаагүй юм. Улмаар хоёр орны худалдааны үл ойлголцол улам өргөжиж, харилцан 16 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулсан. 
А.Анхбаяр

Холбоотой мэдээ