Ц.Раднаа мастеруудын тэмцээнээс хос алтан медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-03-27 10:56:24

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Хөнгөн атлетикийн мастеруудын “World Masters Athletics Indoor Championships-2025” тэмцээн АНУ-ын Флорида мужийн Алачуа хотод үргэлжилж байна.


Долоон өдөр үргэлжлэх тус тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Раднаа хошой алтан медаль хүртлээ. Тодруулбал, тэрбээр 90-95 насны ангилалд 60 болон 800 метрийн зайд хос алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Дэлхийн дээд амжилтыг эзэмшигч түүнийд хувьд энэхүү тэмцээнд зургаан төрөлд өрсөлдөхөөр бүртгүүлсэн бөгөөд одоо гүйлтийн 200, 400, 1500 метр зайн уралдаанаас гадна гурвын харайлтын төрөлд оролцох юм.


Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хөнгөн атлетикийн дэлхийн хошой аварга Ц.Раднаагийн амьдрал, түүхээс сэдэвлэсэн “Цагаан зээрийн янзага” баримтат кино нээлтээ хийж байв. Түүний хувьд 85 насандаа Польшид болсон мастеруудын хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алтан медаль хүртэж, дээд амжилт тогтоосон анхны монгол хүн болсон байдаг. Түүнээс хойш Ази тивийн тэмцээнд зохион байгуулсан тэмцээнүүдэд 17 удаа дээд амжилтын эзэн болжээ. 

Related news