“Алтан бэрс” цомын төлөөх корпорациудын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-03-28 12:25:51

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар 28 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын шатрын холбоотой хамтран “Алтан бэрс” цомын төлөөх корпорацуудын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг зохион байгуулж байна.


МҮХАҮТ-ын 65 жилийн ойн нэрэмжит тус тэмцээнийг өнөөдөр нээсэн бөгөөд тэмцээнд Монголын топ аж ахуй нэгжүүдээс 24 байгууллагын 120 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдөж  байгаа юм.

208 сая төгрөгийн шагналын сантай энэхүү тэмцээний эхний таван байрын төлөө Монгол Улсын топ-100 аж ахуй нэгжийн оюуны спортын шилдгүүд баг болон нэг танхимд хуран чуулж, “Алтан бэрс” цомын төлөөх өрсөлдөөнд стратегийн ур чадвар, багаар ажиллах арга, хурц ухаанаа уралдуулж байна.

Ази тивд анх удаа болж буй энэхүү тэмцээнд түрүүлсэн баг 2025 онд болох Корпорацуудын ДАШТ-д эх орноо төлөөлөх оролцох эрхтэй болох юм. Багуудын бүрэлдэхүүнд их мастер Б.Гүндаваа, Г.Мөнхгал, С.Билгүүн, Т.Мөнхзул, Б.Мөнгөнтуул, Б.Хатанбаатар, Ү.Үүрийнтуяа, олон улсын мастер М.Амилал, Ү.Агьбилэг, Г.Амартүвшин, Н.Баттулга тэргүүтэй олон улсын цол зэрэгтэй шилдэг 24 тамирчин легионер тоглогчоор өрсөлдөж байна.


Тэмцээний үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар ярихдаа, “Дэлхий дахинд хиймэл оюун ухаан хөгжсөн энэ цаг үед оюуны спорт болох шатрын үнэ цэн улам нэмэгдэж байна. Тэр хэрээр Дэлхийн шатрын холбооноос 2025 оныг “Бүх нийтийн шатрын жил” болгон зарласан. ФИДЕ-гээс олон төрлийн ДАШТ зохион байгуулдгийн нэг нь корпорацуудынх юм. Тэгвэл өнөөдөр нээлтээ хийсэн энэхүү тэмцээнд түрүүлсэн баг ДАШТ-д эх орноо төлөөлөх эрхтэй болно. Шатар Монголоос үүсэлтэй гэдгийг манай түүхчид, эрдэмтдийн олсон археологийн олдворууд баталж байна. Тухайлбал, Хүннүгийн гол модны булшнаас олдсон шатрын хөлөг, түүн дээр зөвхөн алтаар дүрсэлсэн бэрсийг дүрсийг манай түүхчид домгийн амьтан хэмээн тодорхойлсон. Улмаар Чингис хаан Үндэсний музейд залсан юм. Энэ бэрс нь луунаас хүчтэй домгийн амьтан байж. Тиймээс энэхүү тэмцээнийг “Алтан бэрс” хэмээн нэрлэсэн. Хоёрдугаарт, шатрын хамгийн хүчирхэг дүрс бол бэрс. Дөрвөн зүг, найман зовхистод чөлөөтэй явдаг. Мөн Говь-Алтай аймгийн Шарга сумаас “Хөх өвгөн сахиустай шатар” гэдэг судар олдсон. Энэ бүх олдворт үндэслэн шатар нь Монголоос үүдэлтэй гэдгийг нотолж байна. Тиймээс бид үүгээр бахархах ёстой” гэв.


Тэгвэл МҮХАҮТ-ын ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Ц.Төр-Од “Энэхүү тэмцээний жил бүр уламжлал болгон зохион байгуулна. Анхдугаар тэмцээнд 24 топ байгууллага оролцож байгаа ч цаашид жилээс жилд улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Уг тэмцээн МҮХАҮТ-ын 65 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлогтой. Манай танхим Монголын шатрын холбооны түнш байж олон сонирхолтой тэмцээнийг хамтран зохион байгуулна” хэмээн ярилаа.


“Алтан бэрс” анхдугаар тэмцээний цомыг Монгол Улсын 20 дахь аварга С.Мөнхбат санаачлан хийлгэсэн бөгөөд алтаар бүрж, төгс гэгээрлийн мэлмий, Монголын соёлын олон өнцгийг шингээжээ. Тэмцээн швейцар системээр есөн өрөг үргэлжлэх бөгөөд аваргууд  маргааш тодорно. 





































Related news