Чөлөөт бөхийн ААШТ-ий эхний өдөр манай тамирчид гурван медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Йорданы нийслэл Амман хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлж, эмэгтэйчүүдийн таван жингийн медальтнууд тодорлоо.
Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд нийт 20 тамирчин Үндэсний шигшээ багийн эрэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, дасгалжуулагч Ж.Чулуунбат, Г.Амархүү, эмэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатар, дасгалжуулагч Б.Одончимэг, Ө.Ууганбаяр нар өрсөлдөж байгаа юм. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн барилдаан болоход манай улсаас гурван тамирчин хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал, 50 кг-ын жинд залуу мастер Б.Мөнхнар залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Казахстаны бөх Светлана Анкичеваг 3:0-ээр ялснаар 2025 оны ААШТ-д оролцож буй Монголын багийн медалийг салхийг хагалсан юм. Түүний хувьд тивийн тэмцээнээс анх удаа медаль хүртэж байгаа нь энэ.
Тэгвэл 55 кг-д Б.Отгонтуяа Энэтхэгийн Нишу Нишуг даралтаар цэвэр, ялж насанд хүрэгчдийн ААШТ-ээс анхны медалиа авав. Тэрбээр U23 насны ААШТ-д хоёр түрүүлсэн билээ. Харин 68 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа Казахстаны бөх Гульнара Таштанбековаг 14:2-оор буулган авснаар тивийн тэмцээнээс дөрөв дэх медалиа хүзүүндээ зүүлээ. Тэрбээр өмнө нь алт, мөнгө, хүрэл хүртэж байсан юм.
Түүнчлэн 59 кг-ын жинд Т.Алтжин хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн бөхөд ялагдсанаар тавдугаар байрт шалгарав.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас 53 кг-д Ч.Отгонтуяа, 57 кг-д Х.Болортуяа, 62 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 65 кг-д Т.Энхжин, 72 кг-д З.Болортунгалаг нар дэвжээнд гарах юм.