Биеийн тамирын болон хөдөлгөөн заслын багш нар сургалтад хамрагдав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй
Грассрүүтс сургалт Сүхбаатар аймагт гурван өдөр амжилттай болж дууслаа. ЕБ-ын 16 сургуулийн биеийн тамирын багш, цэцэрлэгийн хөдөлгөөн заслын багш нар уг сургалтад
хамрагджээ.
Сургалтын гол
зорилго ач холбогдол нь нийтийн хөлбөмбөгийг дэлгэрүүлэх, сурталчлан таниулах.
Харин орон нутагт энэ ажлыг хэрэгжүүлэгчид нь биеийн тамирын багш нар юм. Гэтэл
сургуулийн биеийн тамирын багш нарын тухайд хөл бөмбөгийн суурь мэдлэг хомс,
энэ төрлийн сургалтад ч хамрагдаж байгаагүй аж. Тиймээс сургалтыг онол болон
практик дадлага гэсэн хоёр чиглэлээр явуулж байгаа нь маш үр дүнтэй болж байна
гэж зохион байгуулагчид онцолж байна.
Орон нутгийн хүүхдүүд хөл бөмбөгийн талаар мэдлэг, ур чадвар сайн байгаа хэдий ч багш нарын хувьд үнэхээр хоцрогдсон, мэдлэг хомс байгаа нь ажиглагдлаа. Энэ бол ганц Сүхбаатар аймаг биш ихэнх аймагт байгаа асуудал. Тийм ч учраас багш нарыг чадавхжуулах сургалтыг орон даяар явуулж байгаад баяртай байгаа. Сургалтыг зохион байгуулах бүхий л боломж, бэлтгэлийг аймгийн хөл бөмбөгийн холбоо, ЗДТГ хамтран маш сайн хангасанд таатай байна. Үүний үр дүн ч гарах байх гэж Монголын хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчин Б.Хаш-Эрдэнэ хэллээ.
Гурван өдөр үргэлжилсэн
сургалтын төгсгөлд МХБХ-ны удирдлагын төлөөлөл, аймгийн Засаг даргатай хамтран
ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.
МХБХ-ноос жилд 52
төрлийн тэмцээн зохиодгийн наймд нь орон нутгийн шигшээ багууд оролцдог. Эдгээр
шигшээ багуудыг тэмцээн уралдаанд оролцоход зөвхөн хөл бөмбөгийн холбооноос бус
орон нутгийн засаг захиргаанаас ч гэсэн тодорхой дэмжлэгүүдийг үзүүлэх ёстой. Үүний
хүрээнд аймгийн засаг даргатай санамж бичгийг дөрвөн жилийн хугацаатай байгууллаа.
Энэ нь орон нутгийн клуб, багш дасгалжуулагч, шигшээ багийн тамирчдад дэмжлэг
үзүүлэх, цаашлаад засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хөл бөмбөгийн спортыг
хөгжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг тусгуулах зорилготой гэж МХБХ-ны Тэмцээн
зохион байгуулах хэлтсийн дарга С.Жаргал хэлэв.