Аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдаан маргааш болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд болно.
Үүнтэй холбогдуулан аймгийн
ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал зохион байгуулж, 10 асуудал хэлэлцлээ. Тодруулбал, Ховд
аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг
даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, 2022
оны зорилтын тухай, газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөний биелэлт,
2022 оны төлөвлөгөө, газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг
шинэчлэн тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэж, маргааш болох Ховд аймгийн
ИТХ-ын тавдугаар хуралдаанд хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлжээ.
Саяхан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны “Хуралдаан зарлах тухай” тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 5 дугаар хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ховд хот, Нутгийн удирдлагын ордонд хуралдуулж” гэснийг 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хуралдуулах гэж шинэчилжээ.