"Шударга ёс" эвсэл, АН хамтарсан мэдэгдэл гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-12-11 08:56:45

Үндсэн хуулийн цэцийн 15 дугаар дүгнэлтийг хүлээж аваагүй талаар УИХ дахь АН болон МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг хамтарсан мэдэгдэл гаргажээ. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 15 дугаар дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзэн, тогтоол гаргасан. Энэ шийдвэрийг ямар үндэслэлтэй гаргасан талаараа дээрх хоёр намын бүлэг мэдэгдэл гарган илэрхийлжээ.  

Мэдэгдэлд "Монгол Улсын Үндсэн хуулинд тунхагласан иргэн өмчтэй байх, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах зарчмыг ардчиллын үнэт зүйл хэмээн УИХ дахь Ардчилсан намын болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд бид үзэж байна.

Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлтийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүд Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж, хүлээж аваагүй болно.

2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монголын банкны холбооноос Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр хүчингүй болсон уг хуулийн холбогдох заалтуудыг УИХ-аар шинэчлэн батлагдах хүртэл орон сууцны 8 хувийн зээлийг иргэдэд олгох боломжгүй тухай мэдэгдлээ.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр хүчингүй болсон Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалтыг шинэчилж, орон сууцны 8 хувийн зээлийг үргэлжлүүлэн явуулах боломжийг хангасан, мөн гэр хорооллын иргэдийн хашааны газрыг өмчлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ дахь Ардчилсан намын болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс хамтран санаачилж нэн яаралтай УИХ-аар батлуулахаар шийдвэрлэсэн болохыг мэдэгдэж байна" гэжээ. 

Н.Туяа

 

Холбоотой мэдээ