Египетийн тал Оросын А-321онгоцны сүйрлийг халдлага гэж үзэхгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2015-12-15 16:21:32

Даваа гаригт Египетийн эрх баригчид Синайн хойгт 224 хүний амь эрсэдсэн Оросын “Когалымавиа” компаний А-321 онгоцны сүйрлийн талаар урьдчилсан тайланг нийтэд   зарласан тухай “Коммерсант” өнөөдрийн дугаартаа бичжээ.

“Орон нутгийн мөрдөгчдийн хувьд ослын шалтгаан тодорхой бус хэвээр үлджээ. Юутай ч комисс  А-321 онгоцны багийнхны ажилд  болон  хөлгийн техникийн  системд  “Эрүүгийн гэмт хэргийн оролцоо байгаа ” тухай баримт нотолгоо аваагүй байгаа аж. Гэтэл Оросын ФСБ /Холбооны Аюулгүй байдлын алба/  аэробусны суудал дор байрлуулсан дэлбэрэх төхөөрөмжийн төрлийг тогтоосон ба  чухамхүү үүний  улмаас халдлага үйлдсэн гэж  үзэх болсон юм.”

Египетийн Иргэний агаарын яамны сайд Айман Аль-Мукаддам өчигдөр  уламжлахдаа,  шинжээчид 16 километрийн асар том бүсэд цацагдсан онгоцны сэгүүдийг шинжлэх ажлыг  дуусгасан  тухай мэдээлжээ. Ингээд бүх эд зүйлсийг цуглуулан авч, төрөлжүүлж, ангилсан тухай ч ярьжээ.  Тэрээр эдгээрийг ойрын үед тус улсын Цэргийн зэвсэгт хүчин цаашид шинжлэн судлах  зорилгоор Каир руу илгээх гэж байна. Ингэхэдээ Каирт агаарын хөлгийн макетыг  бүрэн хэмжээгээр нь дэлгэн харуулах аж. Тэнд комиссын шийдвэрлэсний дагуу хэд хэдэн экспертизийг явуулах гэнэ. Жишээ нь, 1997 оноос ашиглаж байсан энэхүү А-321 онгоц нь  2001 онд Каирын онгоцны буудалд ослын буулт хийхдээ  сүүлний хэсэгтээ гэмтэл авсан байдаг. Тэгвэл уг эвдэрэл  онгоцны  конструкцид “элэгдлийн “ деформаци бий болгосон байж болзошгүй тухай  асуултанд ч хариулах ажээ.

Ноён Аль-Мукаддамын яриагаар, одоогийн байдлаар Египетийн “Система” тусгай албаныхан А-321 онгоцны зорчигчдын ашиглаж  байсан  40 гаруй смартфон, планшетуудаас мэдээлэл  цуглуулж байгаа аж. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, гаджетуудын санамжинд мөрдөх ажиллагаанд чухал хэрэгтэй мэдээллүүд байж болзошгүй гэнээ. Жишээ нь, зорчигчдын нислэгийн  өмнө юм уу, нислэгийн үеэр  хийсэн утасны дуудлагууд, видео бичлэгүүд  болон зургууд чухал ач холбогдолтой байх гэнэ.  

Мөн тэрбээр, А-321 онгоцны экипажийн ажилд болон онгоцны техникийн системд нөлөөлж болзошгүй гаднын болон  “гэмт хэргийн “ нөлөөтэй  гэж үзэх баримт мэдээллийг  одоо болтол аваагүй байна. Хэрвээ олдсон  бол тэдгээрийг Египетийн  Ерөнхий прокурорын газар руу илгээн, эрүүгийн хэрэг нээх ёстой ажээ.

Осолдсон онгоцны хар хайрцагны  ярианы болон параметрийн бичлэгүүд нь техникийн мөрдөн байцаах багийнханд ямар нэгэн чухал мэдээлэл өгөөгүй тул Аль-Мукаддам ослын урьдчилсан таамаг болгож  аливаа хувилбар гаргаагүй тухай сонинд бичжээ.

Тэгвэл Орос улсын  Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков  комиссын урьдчилсан тайланг тайлбарлахаас татгалзахын зэрэгцээ, Оросын тусгай албаныхан онгоцны ослыг халдлагатай холбон үзэж байгаа тухай сануулжээ.

Сонирхуулахад, Орос улсын Холбооны аюулгүй байдлын албаны тэргүүн / ФСБ/  Александр Бортников 10 дугаар сарын 31-нд Египетийн Синайн хойгт осолдсон Оросын А-321 онгоцны хэсгүүд, зорчигчдын хувийн эд зүйлс, ачаа тээшнээс хийсэн экспертиз  дүгнэлтэд  “Гадаадын үйлдвэрийн дэлбэрэх төхөөрөмжийн ул мөр” олдсон тухай Орос Улсын ерөнхийлөгч Владимир Путинд илтгэсэн билээ. ФСБ-ийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар,  А-   321 онгоцны салонд  1 кг  торотиллын хүчин чадалтай гар хийцийн бөмбөг дэлбэрсэн юм. “Энэ бол яах аргагүй  террорист ажиллагаа мөн ” гэж ноён Бортников мэдэгдсэн. Энэ нь  Орос, Египетийн  хоорондын агаарын харилцааг зогсоох үндэслэл болоод байна.

Москва хот. А.Огторгуймаа    

Холбоотой мэдээ