Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-07 18:16:42

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хэлэлцэх эсэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. 

Чуулганы хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүд бүртгэл, статистикийн газрыг нэгтгэж байгааг шүүмжилсэн юм. Тодруулбал "Статистикийг бүртгэлийн байгууллагатай нэгтгэдэг нь буруу. Статистик хараат бус бие даасан байх ёстой", "Статистик зөвхөн УИХ-д зориулж тооцоо гаргадаггүй. Олон улсад тухайн улсын Статистикийн байгууллагаар л үнэлж дүгнэдэг. Тиймээс нэгтгэж болохгүй", "Хоёр байгууллагыг нэгтгэсэн ч төсөв санхүү гайгүй болсны дараа буцааж салгах ёстой" гэх мэт байр суурь хэлж байв. Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Бид Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байгаа болохоос бүртгэл статистикийг нэгтгэх нь зөв, буруу гэсэн асуудлыг хэлэлцээгүй. Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газар оруулж ирж байгаа юм” гэсэн бол УИХ-ын гишүүн Р.Гончигдорж "Улсын бүртгэл болоод статистикийн газруудыг аль хэдийн нэгтгэсэн. Тиймээс бид зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болчихоод өнөөдөр хэлэлцэж байна. Хэлэлцэх ёстой, харин ч цаг алдаж байна. Оны эхнээс хэрэгжээд явах ёстой байсан хуулийг одоо хэлэлцэж байна" гэв. 

Ингээд гишүүд санал хэлж, асуулт асууж дууссаны дараа санал хураалт явуулахад 65,4 хувь нь хууль, тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн юм.

Н.Туяа

Холбоотой мэдээ