Цөмийн хөтөлбөрөө хаасан нөхцөлд Умард Солонгостой яриа хэлцээ хийнэ

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2016-01-29 09:01:44

ВАШИНГТОН. /RIA Novosti/. Хэрэв Пхеньян цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахад бэлэн байгаа нөхцөлд АНУ Умард Солонгостой дахин хэлэлцээ хийх боломжтой гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жош Эрнест Сөүлийн эрх баригчдын тавьсан таван талын хэлэлцээ хийх тухай саналд тайлбар өгөхдөө мэдэгджээ.

“Солонгосын хойгт тогтвортой, аюулгүй байдлыг хангахын төлөө байгаа гэдгээ, түүнчлэн цөмийн хөтөлбөрөө хаахад бэлэн байгаагаа Умард Солонгосын эрх баригчид  харуулах ёстой. Энэ бол хэлэлцээний гол утга учир юм” гэж Эрнест Умард Солонгосын оролцоогүйгээр тус улсын цөмийн хөтөлбөрийн асуудлаар таван талын хэлэлцээ хийх тухай Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн тавьсан саналыг Вашингтон судалж байгаа эсэх талаарх асуултад хариулахдаа хэлсэн байна.

Энэ сарын 6-нд Умард Солонгос устөрөгчийн бөмбөг туршсанаа мэдэгдсэний дараа Солонгосын хойгийн байдал дордсон юм. Цөмийн туршилтынх нь хариуд Өмнөд Солонгос Солонгос хоорондын хилийн дагуу Пхеньяны эсрэг суртал нэвтрүүлгээ дахин сэргээснээс гадна НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ яаралтай хуралдаж, Умард Солонгосын талаар шинэ тогтоол батлах ажлыг эхлүүлэх шийдвэр гаргасан. 2006-2013 онд баталсан дөрвөн тогтоолыг нь Умард Солонгос зөрчиж, олон улсын энх тайван, аюулгүй байдалд аюул учруулж байна гэж АЗ үзсэн байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ