“Цахим гарын үсэг” хэрэглээнд нэвтэрлээ

Монголын мэдээ
ariunbold@montsame.mn
2016-02-03 13:45:07

Мэдээллийн технологийн дэвшлийн давуу тал, үр шимийг нийгэм, эдийн засгийн бүх салбарт хүртээх, төрийн байгууллагуудын үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй болгох зорилго бүхий “Цахим гарын үсэг”-ийн нээлт өнөөдөр боллоо.

УИХ 2011 оны 12 сард “Цахим гарын үсгийн тухай” хуулийг баталсан. Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар (МТШХХГ)-аас хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс тоон гарын үсгийн талаар баримтлах бодлогыг баталж, Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Интерактив ХХК” ба “СССК ХХК” нарын түншлэлд олгосон. Уг түншлэл нь өнөөдөр “МонПасс” цахим гарын үсгийн үйлчилгээг өнөөдрөөс үйлчилгээнд нэвтрүүлж эхэллээ.

Засгийн газраас “Цахим Монгол” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн бүх нийтийг компьютержүүлэх, интернэт холболтыг Монгол Улс даяар хүртээмжтэй болгох ажлыг амжилттай хэрэгжүүлж, өнөөдөр Монголын 2 гаруй сая иргэн интернэтийг өдөр тутам ашиглаж байна.

Интернэт иргэдийн амьдралын өдөр тутмын хэрэглээ болсноор түүнийг даган цахим орчинд төрийн, санхүүгийн зэрэг төрөл бүрий үйлчилгээ авах, гэрээ хэлцэл хийх болон албан бичиг илгээх, хүлээн авах зэрэг олон төрлийн хэрэгцээ үүсч эхэлсэн.

Энэхүү хэрэгцээг хангахын тулд олон улсад “Цахим гарын үсэг”-ийг ашигладаг байна. Ингэснээр мэдээллийг аюулгүй дамжуулах, нууцлан хамгаалах, баримт бичгийн эх сурвалжийг тогтоох боломж бүрддэг байна.

“Цахим гарын үсэг” ажиллаж эхэлснээр Монгол Улсын Засгийн газраас иргэдэд  үзүүлдэг 167 үйлчилгээг онлай­наар авах бүрэн боломж бүрдэнэ гэдгийг МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа нээлтийн үеэр онцлон тэмдэглэв.

Тэрбээр, “Иргэн, аж ахуйн нэгжүүд тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлснээр баримт бичгийг цаасан хэлбэрээр бэлдэж, гарын үсэг зурж, тамга дарах зэрэг үйл ажиллагааг хөнгөвчилнө. Мөн төрийн болон бизнесийн олон төрлийн үйлчилгээг цахимаар авах, мэдээллээ найдвартай нууцлах зэрэг олон давуу тал бий болох юм.

Энэхүү үйлчилгээ мэдээллийн технологийн дэд бүтцийн хөгжил, түүний давуу талыг ашиглаж бодит хэмнэлт гаргах боломжийг олгож байгаа нэг жишээ. Урьд, банкны салбар дээр очиж дараалал хүлээх эсвэл банкны өөрт ойр салбарыг хайж явдаг байсан бол гар утас, эсхүл цахим сүлжээгээр бүх гүйлгээгээ хийж байна. Ингэснээр багадаа 5-10 цаас хэмнэж байгаа юм. Энэ бол мэдээллийн технологийн үр ашиг. Энэхүү үр ашгийг улам бүр дээшлүүлэх боломж нь “Цахим гарын үсэг” юм” хэмээв.

“Цахим гарын үсэг”-ийг нэн тэргүүнд банкууд үйлчилгээндээ нэвтрүүлэхээр төлөвлөөд байгаа бол Улсын Бүртгэл статистикийн ерөнхий газар (УБСЕГ) гуравдугаар сарын 01-нд, ГТЕГ болон НДЕГ дөрөвдүгээр сарын 01-нээс хэрэглээнд нэвтрүүлэх болжээ.

“МонПасс” компани тоон гарын үсгийг хэрэглэх эрхийг иргэдэд нэг жилийн 5000 төгрөгөөр, Бизнесийн байгууллагад олгох тоон гарын үсгийг 40 мянган төгрөгөөр борлуулах аж.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ