“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг шинээр томилно

Монголын мэдээ | Уул уурхай
192@montsame.mn
2018-10-05 11:22:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн сард зарласан боловч ирц бүрдээгүйн улмаас хойшлогдоод байсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал энэ сарын 8-нд болох талаар тус компаниас мэдээллээ.

Хурлаар компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг шинээр томилох бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх юм. Компанийн тухай хуулиар ТУЗ нь 9 хүний бүрэлдэхүүнтэй, үүнээс 3 нь хараат бус, 6 нь жинхэнэ гишүүд байх юм. Хараат бус гишүүнээр өндөр мэргэжил чадвар, боловсролтой, ашиг сонирхлын зөрчилгүй, нэр хүнд бүхий хүнийг сонгох шаардлага тавьж, энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, “ТУЗ-ийн гишүүд олон улсын түвшний шаардлагад нийцсэн шалгуурыг давсан хүмүүс байж компанийн үйл ажиллагаа дэлхийн стандартын дүрэм журмын дагуу явах учиртай” хэмээн мэдэгдэж байсан юм. "Эрдэнэс Тавантолгой" ХК ТУЗ-ийн хараат бус гишүүнээ сонгон шалгаруулахад тавьсан  шаардлагыг үзвэл:

 Компанийн ТУЗ-ийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх,

  • ТУЗ-ийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй, бөгөөд тухайн компанитай өрсөлдөх адил төрлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдэд ажил эрхэлдэггүй байх;
  • Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны 5-аас дээш хувийг эзэмшдэггүй байх;
  • Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй;
  • Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй байх;
  • Компанитай бизнесийн аливаа холбоогүй байх;
  • Өөрийн үйл ажиллагаа, мэдлэг, боловсрол, хандлагаараа салбартаа болон дотоод, гадаадад танигдсан, туршлагатай байх;
  • Ял, шийтгэлгүй байх;
  • Зээл, батлан даалт, баталгааны хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх
  • Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх. Компанийн засаглалаар мэргэшсэн байх гэсэн байна.

Тодруулга: “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн одоо байгаа гишүүдийг танилцуулвал, ТУЗ-ийн  даргаар нь Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, гишүүдээр УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, БОАЖЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга С.Наранцогт, ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд, Эрдэнэс Монгол” ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал С.Амгалан, хараат бус гишүүнээр П.Өлзийнаран, Х.Болор-Эрдэнэ, Э.Ганбаатар, ТУЗ-ийн Нарийн бичгийн даргаар Ш.Мөнхцэрэн нар ажиллаж байна.


Б.Болд

 

 

Холбоотой мэдээ