БСШУСЯ-ны төлөөлөгчид Москвагийн оюутан залуусын урлагийн наадмыг үзэж сонирхов

ХИЛИЙН ЧАНАДААС
nandintsetseg@montsame.gov.mn
2018-11-19 13:30:19
NandiaMontsame

Москва /МОНЦАМЭ/. ОХУ-ын нийслэл Москва хотноо ажлын айлчлал хийж буй БСШУСЯ-ны төлөөлөгчид энэ сарын 18-ний өдөр оюутан залуусын дунд болсон“Дэвжээ- 2018”  урлагийн наадмыг үзэж сонирхлоо.

Москва хотод албан бус тоогоор 1000 гаруй монгол оюутан суралцдаг. Тэгвэл оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх,  тэдний авъяас чадварыг нээж, үзэл бодлоо чөлөөтэй хуваалцах боломж олгодог “Дэвжээ” урлагийн наадмыг ОХУ дахь Монголын Оюутны холбоо уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн билээ.

“Боломж миний, чиний, бид бүгдийн гарт” уриатай энэ удаагийн наадамд Москва хотын Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургууль, Улс түмний найрамдлын их сургууль, ОХУ-ын Тээврийн их сургууль, Үндэсний судалгааны эдийн засгийн дээд сургууль, Москвагийн олон улсын харилцааны их сургуулийн 6 баг өрсөлдсөнөөс ОХУ-ын Тээврийн их сургуулийн “Локомотив” баг тэргүүн байр эзэлж, Улс түмний найрамдлын их сургуулийн “Made in RUDN”, Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургуулийн “Плехановцы” баг удаах байрт  шалгарсан юм.  

“Одоогоос 30 жилийн өмнө би өөрөө яг энэ Миклухо-Маклая гудамжинд сурч байсан оюутан. Энэ олон жилийн дараа Москвагийн оюутан залуусыг хараад, тэдний бэлтгэсэн үзүүлбэрүүдийг үзээд оюутан ахуйдаа эргэн очсон мэт сэтгэл их хөдөллөө. Сүүлийн жилүүдэд гадны улсын тэтгэлгээр олон монгол оюутан хилийн чанадад сурч байна. Одоогоор 22 орны Засгийн газар монгол оюутнуудад тэтгэлэг олгон хөнгөлөлттэй сургаж байна. Үүнээс ОХУ хамгийн их буюу жилд 500 оюутан элсэн сургадаг" хэмээн БСШУСЯ-ны сайдын зөвлөх Б.Ганбат онцлов.

Дашрамд дурдахад БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаар ахлуулсан ажлын хэсгийн ОХУ-д хийж буй айлчлал өнөөдөр буюу 19-ний өдөр эхлэх бөгөөд айлчлалын хүрээнд тус улсын Гэгээрлийн яам, Дээд боловсрол, шинжлэх ухааны яам, Спортын яам, Соёлын яам, Россотрудничество агентлаг, Оросын байгалийн ухааны яам зэрэг байгууллагын удирдлагуудтай уулзаж, хамтран ажиллах гэрээ байгуулах юм.

Холбоотой мэдээ