Сүхбаатар дүүргийн сургууль, цэцэрлэгүүд агаар цэвэршүүлэгч төхөөрөмжтэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-11-19 17:15:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа өнөөдөр 8 цэцэрлэг, 4 сургуульд агаар цэвэршүүлэгч төхөөрөмж хүлээлгэн өглөө.

Энэ үеэр тэрбээр хэлэхдээ, “Бид дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн сургалтын орчин, нөхцлийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, ялангуяа агаарын бохирдолтой, утааны улирал эхэлсэн энэ үед сургалтын байгууллагуудынхаа дотоод орчны агаарын чанарыг сайжруулахад зориулж, эдгээр агаар цэвэршүүлэгчийг анги бүрт байршуулахаар төлөвлөөд, өнөөдөр 100 ширхэгийг хүлээлгэн өгч байна. Дээрх сургууль, цэцэрлэгт нийтдээ 3600 гаруй хүүхэд сурч, хүмүүжиж байгаа юм” гэв.

Ийнхүү дүүргийн 16, 143, 54, 68, 160, 1, 40, 149 дүгээр цэцэрлэг, МУБИС лицей, Албан бус насан туршийн боловсролын төв, Ажилчин залуучуудын ээлжийн сургууль, 131 дүгээр бага сургууль агаар цэвэршүүлэгч төхөөрөмжтэй боллоо. Агаар цэвэршүүлэгчийг анги танхимд байршуулснаар дотоод орчны агаарын чанарыг сайжруулахаас гадна аливаа халдвараас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.



Холбоотой мэдээ