Органик үйлдвэрлэгчид III чуулганаар мэдээллийн нэгдсэн сангаа нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-11-23 14:09:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүнсний бүтээдэхүүнийг нэг дор массаар буюу өргөнөөр үйлдвэрлэх боломжгүй байгаа манай улс органик үйлдвэрлэлийг ХАА-н салбартаа нэвтрүүлж дэлхийд танигдах зорилтот бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй байгааг өнөөдөр эхэлсэн "Органик хүнс, хөдөө аж ахуй" үндэсний III чуулганд оролцогчид онцолж байна.

Органик үйлдвэрлэгчид анхны чуулганаараа үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж байсан бол өнөөдөр мал аж ахуй, газар тариалан, хүнсний ногооны салбарт газар дээр нь бүтээгдэхүүнээ өөрөө өөрсдөө баталгаажуулдаг олон улсын PJS системийн стандартад суралцахаар болж манай улсад “Органик ХАА-г дэмжих” нэг сая евро-гийн төсөл хэрэгжиж байгаа гээд урагш алхаж буй ажлууд өнгөрсөн хугацаанд гарсныг тэмдэглэж байна. Мөн органик үйлдвэрлэгчид өмнөх II чуулганаасаа “Алсын хараа-Органикийг сонго!” гэсэн уриаг тодорхойлон дэвшүүлж үүнийгээ Монгол орны ХАА-н салбарын уриа болгох зорилт тавин хүн амаа органик бүтээгдэхүүнийг хэрэглэхийг уриалж байна. Учир нь

өнөөдөр манай хэрэглэгчид гадны бүтээгдэхүүний шошго хаяг, зар сурталчилгаанд хэт автснаар хоол хүнсний буруу давалгаа үүсч энэ нь монголчууд биднийг хүнсний аюулгүй байдлын мөхөл рүү хөтлөөд зогсохгүй ирээдүйд Монгол хүний гени үгүй болох аюултай болж ирж байна. Мөн янз бүрийн чихэр, давс, спиртийн бодисын донтогчид болж буй учир монголчууд өөрсдийнхөө болон үр хүүхдийнхээ аюулгүй байдал, эрүүл мэндийн төлөө сонголтоо өөрчлөн, эрүүл, цэвэр хоол хүнс, эх орны хөрсөнд ургасан органик бүтээгдэхүүнийг хэрэглэхийг уриалж байна.


Өнөөдөр болж буй III чуулганы бас нэг онцлог нь органик үйлдвэрлэгчид болон тэдний бүтээгдэхүүнийг бүртгэх мэдээллийн сан байгуулж байгааг ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилийг злхицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Тунгалаг онцолж байв. Мөн өмнөх чуулганаар гаргаж ирсэн “Органик Монгол” бүтээгдэхүүний лого тэмдэгээ Оюуны өмчийн газарт бүртгүүлж улмаар Дэлхийн Оюуны өмчийн санд оруулж гэрчлэх тэмдэгээ авч байгаа зэрэг олон ажлын ард гарч байгаагаа хэлж байна.  


ХХААХҮЯ болон Монголын бүтээмжийн төв, олон улсын “Адра Монгол” байгууллага, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, НҮБ-ын ХХАА-н байгууллага, Монгол ногоо төсөл, Азийн бүтээмжийн байгууллага, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулж буй "Органик хүнс, хөдөө аж ахуй" үндэсний III чуулганы өмнөх өдрүүдэд Төв аймгийн Баянчандмань суманд “Органик бордоо” сургалт болж, чуулганд оролцогчид “Монгол экологийн бордоо” ХХК-ийн био бордооны үйлдвэрт практик дадлага хийсэн юм. Сургалтаар газар тариалан эрхлэгчид, малчид, фермерүүдэд олон улсын төслийн багш, сургагч нар хөрсний чанарыг сайжруулах арга зам, шинэ технологи ашиглах талаар мэдлэг, дадлагыг эзэмшүүллээ. Практик дадлагын үеэр бордооны түүхий эдийг бэлтгэн, шингэн бордоо, jeevamurtham буюу органик пестицид (шингэн эсхүл үрэл хэлбэртэй), био пестицид, фунгицид зэргийг байгальд ээлтэй, гарын дор түүхий эдээр хэрхэн бэлтгэх талаар дэлгэрэнгүй нэг бүрчлэн танилцуулсан юм. Тухайлбал, хивэг, жимс, ногооны хаягдал, нунтаг чулуу, ойн хөрс, модны үнс, ус, аргал, үхрийн шээс зэрэг хямд төсөр, олдоц ихтэй түүхий эд ашиглан органик бордоо үйлдвэрлэж болохыг бодитоор харуулав. Мөн сармис, тараг, савангийн уусмал зэргийг ашиглан био пестицид хийж болох талаар хичээл орлоо.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

Холбоотой мэдээ