“Wing” компанийн хүргэлтийн дронуудыг Хельсинкид туршина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2018-12-06 16:15:39

ВАШИНГТОН. /BBC/. Alphabet” компанийн хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх дронуудыг ирэх онд Финландын нийслэл Хельсинки хотод туршихаар болжээ.


Alphabet” компанийн нисдэг төхөөрөмж үйлдвэрлэгч охин компани болох “Wing” компанийн дронуудыг Европ тивд анх удаа турших гэж буй нь энэ бөгөөд уг компани нь дронуудаа ихэвчлэн Австралид туршдаг байжээ.


Туршилтын дронууд нь 1.5 килограм хүртэлх жинтэй илгээмжийг хэдхэн минутын дотор хүргэх хүчин чадалтай юм. “Wing” болон “Amazon” зэрэг хэд хэдэн компани сүүлийн хэдэн жилийн турш хүргэлтийн дроныг хөгжүүлэхээр ажиллаж байгаа хэдий ч албан ёсоор олон нийтэд танилцуулж, худалдаанд гаргаагүй байгаа юм.


2013 оны 12 дугаар сард “Amazon” компанийн гүйцэтгэх захирал Жефф Безос бараа бүтээгдэхүүний агаарын хүргэлтийг ойрын таван жилийн хугацаанд нэвтрүүлнэ гэж хэлж байсан боловч уг технологийг хөгжүүлэлтийн явц одоог хүртэл үргэлжилсээр байгаа ажээ. 


Хельсинки хотод дронуудыг турших хугацаанд хэрэглэгчид ухаалаг гар утсаа ашиглан захиалга өгөх боломжтой бөгөөд хүргэлтийн дрон хэрэглэгчдийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг үнэ төлбөргүйгээр хүргэж өгөх юм байна.


“Дроны хүргэлтийн үйлчилгээ нь хэт их чимээтэй” гэх олон нийтийн дунд тархсан шүүмжлэлд “Wing” компанийн төлөөлөгч хариулахдаа, дроны хүргэлт нь газраар хүргэх үйлчилгээтэй харьцуулахад илүү аюулгүй, хурдан шуурхай хийгээд байгаль орчинд ээлтэй гэжээ. 

Холбоотой мэдээ