Энэ сарын 28-ны НИТХ-ын ээлжит хуралдаанаар хотын Засаг даргыг сонгохыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-12-16 12:17:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар НИТХ-ын ээлжит XXI хуралдааныг энэ оны 12 дугаар сарын 28-нд 09.00 цагт хуралдуулахаар товлолоо.

Уг хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг шинээр сонгох асуудлыг хуулийн дагуу хэлэлцэх талаар НИТХ-ын нарийн бичгийн дарга, НИТ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба мэдэгдээд байна.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар мөн иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг чанар хүртээмжтэй хүргэхэд чиглэсэн “Төрийн албан хаагчдийн чадавхийг бэхжүүлэх тусгай хөтөлбөр” баталлаа.


Хөтөлбөрийн зорилго нь нийслэлийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын “чадахуйн зарчим” /мерит/-д суурилан тасралтгүй сургаж хөгжүүлэх замаар иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг чанар хүртээмжтэй, хөнгөн шуурхай хүргэж “чадавх” бүхий төрийн албыг бэхжүүлэхэд чиглэж байгаа юм. Тус хөтөлбөр нь хоёр дэд хөтөлбөрөөс бүрдэнэ. Үүнд:

  • Нийслэл, дүүргийн хөгжлийн бодлого төлөвлөгч, мэргэжилтнүүдийн  чадавх бэхжүүлэх сургалтын дэд хөтөлбөр,
  • Хорооны албан хаагчдын чадавх бэхжүүлэх сургалтын дэд хөтөлбөрүүдийг багтааж байгаа юм.

НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэхдээ “Энэ хөтөлбөр нь төрийн албан хаагчийн чадавхи, харилцаа, хандлагыг зөв болгоход чухал нөлөөтэй баримт бичиг юм” гэдгийг онцлоод тэргүүлэгчдийн зүгээс хөтөлбөрийг 100 хувийн саналаар баталлаа.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Холбоотой мэдээ