Шарын хөтөлийн амьдрал өөрчлөгдөж байна...

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2018-12-16 16:38:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотоос өглөө эрт гарсан бид нар хэвийх алдад Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг Шар хөтөлд хөл тавилаа. Биднийг “Буянтын хөндий” нэртэй ТББ-ын тэргүүн О.Цэцэгмаа, Шарын гол сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Шинэхүү нар замд тосч бичил уурхай дээр дагуулж очлоо. Сүүлийн жилүүдэд их ярих болсон "Хариуцлагатай, тогтвортой уул уурхай" гэж яг юуг хэлээд буйн зах зухаас үзэхээр Швейцарийн Хөгжлийн агентлагаас манай улсад хэрэгжүүлж буй “Тогтвортой бичил уурхай“ төслийн хүрээнд ийнхүү сэтгүүлч бид Шарын гол суманд ирээд буй нь энэ.


Зураг дээр:“Буянтын хөндий” ТББ-ын тэргүүн О.Цэцэгмаа


Эдийн засагт нь уул уурхай зонхилсон манай орны хувьд сүүлийн жилүүдэд энэ салбарт хариуцлагатай, тогтвортой гэдэг үг их дуулдах болсон. Энэ талаар өмнө нь бараг ярьдаггүй байлаа. Алт олборлолтоор жишээ татахад 1997 онд манай улсад “Алт” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр нэг талаар шилжилтийн үедээ байсан эдийн засгийн тэтгэж өндийлгөсөн боловч нөгөө талаар ёстой л “Алтыг нь аваад авдарыг нь хаясан” үйл явдал болсныг бид ухсан нүх, сүйдсэн газар шороогоороо бүгд мэднэ. Тэгвэл одоо яриад буй хариуцлагатай, тогтвортой уул уурхай гэж яг юуг хэлээд буйн зах зухаас үзэхээр Швейцарийн Хөгжлийн агентлагаас манай улсад хэрэгжүүлж буй “Тогтвортой бичил уурхай“ төслийн хүрээнд сэтгүүлч бид өнгөрсөн сарын сүүлээр Дархан-Уул аймаг, Шарын гол суманд ажилласан юм.

Нийслэл хотоос өглөө эрт гарсан бид нар хэвийх алдад Шарын гол сумын нутаг Шар хөтөлд хөл тавилаа. Биднийг “Буянтын хөндий” нэртэй ТББ-ын тэргүүн О.Цэцэгмаа, Шарын гол сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Шинэхүү нар замд тосч бичил уурхай дээр дагуулж очлоо. Дотроо 5-6 гэр барьсан том хашааний үүдэнд 30-аад хүн, гэрүүдийн цаана 10-аад хүн, хэлэн жижиг сажиг техникүүд шингэж буй нарны доор бараантан харагдана. Зурагчид маань үдэш болж гэгээ тасрахаас өмнө амжиж зураг авахаар ажилдаа гарч, харин сэтгүүлч бид ТББ-ын тэргүүн О.Цэцэгмаатай яриа үүсгэв.

Түүнээс бид “Та нарыг чинь бичил уурхайчид гэж бодож байтал юун ТББ, холбоо, нөхөрлөл болоод явчихав аа. Ийм зохион байгуулалтад яаж оров?” гэсэн асуулт тавин яриагаа эхэлбэл тэрээр, “Биднийг “нинжа” нартай андуурдаг. Бид тэднээс ялгагдах нь нэгдсэн нэг зохион байгуулалтын хэлбэрт ажилладагт байгаа юм. Манай ТББ үүнийн нэг жишээ” гэж байв.

Тэгвэл нэгдэж ажиллахын ашиг тус, ач холбогдол нь юунд байгааг сонирхвол, “Энд л бидний үйл ажиллагааны зорилго оршиж байгаа юм” гэв. Түүний яриаг буулгавал, ажилгүй, орлогогүй, ялангуяа орон нутагт амьдарч буй хүмүүс алт хаана байна тийшээ ганц нэгээр, за үсрээд 2-3-уул олз хайхаар явдаг. Өвлийн хүйтэн, зуны халуунд нэг газар очино, хөөгдөж туугдана. Алт оллоо, авлаа гэхэд тэрийгээ яаж олборлох, олборлосон хойноо хаана, хэнд тушааж өгөх гээд түмэн бэрхшээл, зовлон, айдас хүүдэс, осол аваарь ихтэй, бүр амиа алдах эрсдэл хүлээж байдаг зовлонтой ажил гэдгийг монголчууд зах зухаас нь мэднэ. Үүнийг О.Цэцэгмаа өгүүлж байв.


Нэгдэж ажилласнаар бичил уурхайчдын амьдрал алхам алхамаар урагшилж байна.


Бичил уурхайчдын хувьд нэгдэж зохион байгуулалтад орсноор холбоо, нөхөрлөл байгуулж, улсад бүртгүүлж данстай болжээ Энэ нь нэг ёсны албажиж байгаа үйл явц юм. Тэд албажсан учир алт олборлохдоо тухайн сум, орон нутгийнхантай хэл амаа олчихно, айж эмээж, хөөгдөж туугдана гэсэн юм байхгүй, орон нутагт ажиллах газрыг гэрээгээр тохирч, санаа амар ажиллах боломжтой болсныг бил газар дээр нь харав. Бидний очсон “Буянтын хөндий” ТББ Шарын гол сумын удирдлагатай гэрээ байгуулан 5 га газарт олборлолт хийж байна. Энэ бол эхний үр дүн.

Олуулаа болж хамтын ажиллагаанд орсноор ажлаа нийтээр амжуулахад дөхөмтэй болж тэр хэрээр ашиг орлого ч их олно. Энэ мэтээр үйл ажиллагаа хуваарилалтын зарчимд шилжиж цалинжина, бүр цаашлаад НДШ-ээ хүртэл төлчихнө. Энэ нь шиг хүний амьдралд, тэр дундаа амьжиргаагаа залгуулж буй хүнд хэрэгтэй зүйл үгүй. Ийм л хүмүүсийг бичил уурхайчид гэж хэлээд буйг нөхөрлөлийн дарга О.Цэцэгмаагийн ярианаас ойлгосон юм. Үүнийг тэнд ажиллаж буй хүмүүс ч өөрсдөө батлан хэлж байв. Бичил уурхайчин Э.Бүрнээ, “Би 10-аад жил алт ухаж байна. Ажилгүй байснаас ямар ч болов ар гэрээ аваад явчихдаг. Бид нэгдснээр хоол унднаас аваад цалинтай, ажлын байр, техник хэрэгсэлтэй болж байна. Сард дунджаар нэг сая төгрөгийн цалин авдаг. Энд ажиллаж байгаа хүмүүс нь тухайн орон нутгийн хүн ч байна, амьдралаа залгуулахаар өөр аймаг, сумаас ирсэн хүмүүс ч байна” гэсэн юм.


Тэд албаны ёсны бүртгэл, үнэмлэхтэй, НШД-ээ төлдөг


Үндэсний статистикийн хороо, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслөөс хийсэн судалгаанд нийт 12 мянга шахам иргэн хамрагдсанаас 9596 нь бичил уурхайн үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцдог, 2366 иргэн бичил уурхайчдын ам бүлийн гишүүд байна гэсэн тоо байдаг. Бидний очсон “Буянтын хөндий” нөхөрлөлд 1100 гаруй хүн ажиллаж байх жишээний. Эдний тал хувь нь нутгийн иргэд, үлдсэн нь өөр аймаг, сумаас ирсэн хүмүүс. О.Цэцэгмаа хэлэхдээ, “Бид баялгийн зөв зохистой хуваарилалтыг иргэн бүрт олгохын тулд бүх орон нутгаас ирж байгаа иргэдийг ажлын байраар хангаж ажиллаж байна. Олон хүн ажилгүй, орлогогүй болоод л амьдрахын эрхэнд, амьжиргаагаа залгуулахын төлөө ирж байхад нь цаашаа гэх эрх бидэнд байхгүй. Гурван ам бүлээр бодоход манайх 3000 гаруй хүний амьжиргааг залгуулж байна” гэсэн юм. Ирж буй хүмүүсээс юу шаарддаг талаар тодруулахад,

  • 18 нас хүрсэн, Монгол Улсын иргэн,
  • Нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар, Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан,
  • ажилгүй гэсэн орон нутгийн тодорхойлолттой байхад л болно гэж байв.

Тэгвэл мөн бидний уулзсан Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Д.Ганболд болохоор, “Бид бичил уурхай дээр зөвхөн орон нутгийн иргэдийг авч ажиллуулах шаардлага тавьдаг” гэж байв. Нөхөрлөлийн тэргүүн, албаны хүн хоёрын үг зөрүүтэй хэдий байсан ч аль алиныг нь буруутгалтай ч биш. Ямар ч байсан энэ олон мянган хүнийг “Наад ажлаа хий” хэмээн төр, засгаас зөвшөөрсөн нь Бичил уурхайн эрхлэх талаар Засгийн газраас гаргасан 151-р тогтоол юм.

Бичил уурхайчдын амьдрал руу “өнгийвөл” бас бэрхшээл хүндрэл бишгүй байна. Үйл ажиллагаа явуулахдаа бүртгэлтэй болон бүртгэлгүй гэсэн хоёр хэлбэрээр нөхөрлөл байгуулж ажиллахыг Засгийн газрын журамд заасан ч бүртгэлтэй нөхөрлөл нэрийн дор хууль бус ажиллагаа явагдаж, эрх мэдлээ урвуулан ашиглах явдал байгааг О.Цэцэгмаа хэлж, “бүртгэлтэй нөхөрлөл гэдгийг журмаас хасмаар байна” хэмээн төр, засагт үг дайсан нь болохгүй болоод л тэр бололтой.


Дархан-Уул аймгийн удирдлага сэтгүүлчдийг хүлээн авч бичил уурхайчидтай ажиллаж буй талаар уулзах үеэр аймгийн Засаг даргын орлогч Д.Ганболд болохоор, “Бид бичил уурхай дээр зөвхөн орон нутгийн иргэдийг авч ажиллуулах шаардлага тавьдаг” гэж байв.

Монголбанк, Швейцарийн Хөгжлийн агентлаг, Улсын сорьцын хяналтын газраас хамтран хөдөө, орон нутагт буюу Дархан-Уул аймагт алт сорьцлох лаборитори бүхий алт хүлээн авах төвийг нээсэн нь бичил уурхайчдад олборлосон алтаа заавал Улаанбаатар хот руу хүнээр дайж тушаах, ченж нарын гарыг дамжих зэрэг чирэгдэл, төвөггүй, шууд газар дээр нь сорьцуулан тушаах болсонд бичил уурхайчид баяртай, талархаж байв.


Ийнхүү хуучин нинжа нарыг албан ёсны зөвшөөрсөн зохион байгуулалтад оруулж эрхзүйн хувьд баталгаажуулан, тэднийг зохих ёсны техник технологи хэрэглэн байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай болгох, ажиллах эрхийг хангаж амьдрахад сургаж буй “Тогтвортой бичил уурхай” төслийг Швейцарийн Хөгжлийн агентлагаас манай улсад 2005 оноос эхэлж хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ төсөл удахгүй, он гараад дуусах гэж байна. “Тогтвортой бичил уурхай” төслийн 4 дэх үе шатанд бичил уурхайчид өөрсдийн мэдээлэл, мэдлэгийн төвтэй хүртэл болжээ. Бүр цахим платформ (www.asmhub.mn)-ыг нээсэн нь хамтрагч талууд мэдээллээ солилцохоос гадна бичил уурхай эрхлэлтийн талаар мэдлэг олж авч, суралцаж, бичил уурхайн сайн туршлагыг Монгол орон даяар нэвтрүүлэх, түгээх талбартай боллоо” гэж төслийн зохицуулагч Б.Алтанбагана хэлж байв.

 

Төгсгөл: Бидний очсон Дархан-Уул аймгийн Шарын гол сумын “Буянтын хөндий” шиг бичил уурхайн нөхөрлөлүүд Баянхонгор аймгаас гадна Хэнтий аймгийн Норовлин суманд үйл ажиллагаа явуулж буй  “Норовлин хамтын хүч” ТББ-аас аваад олон байгааг дурдаж болно. Манай улсад “Тогтвортой бичил уурхай” төсөл хэрэгжиж ирсэн өнгөрсөн 10-аад жилийн хугацаан улсын хэмжээнд 60 гаруй мянган иргэн хувиараа алт ухаж ирсэн “нинжа”-гаас албан ёсны бүртгэл, эрхзүй, ажилтай болж тэдний гэр бүлийн 100 мянгаад хүн энэхүү төслийн үр шимийг хүртэж байна.

 

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

 

 

Холбоотой мэдээ