НӨАТ-ын сугалааны жинхэнэ ялагч нь татвар хураагчид

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
nyamtulga@montsame.gov.mn
2018-12-27 12:04:13
twitter.com/Nyamkanmk

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Ард иргэдийг сугалаанд хамруулах замаар аж ахуйн нэгж, иргэдийн татвар төлөлтийг хянах арга хэмжээ нь Монголын Засгийн газрын хувьд их хэмжээний эргэн төлөлтийг бий болгож байна.


Монгол Улс нь 2016 оноос татварын суурийг бараг 50 хувиар нэмэгдүүлсэн гэж тус улсын Засгийн газрын статистик мэдээнд дурджээ. Энэхүү татварын суурийн өсөлт нь ерөнхийдөө 10 хувийн нэмэгдсэн өртгийн албан татварыг /НӨАТ/ төлсөн тохиолдолд худалдан авалтын баримт бүр дээр сугалааны тасалбарыг хэвлэх болсонтой холбоотой юм. Уг арга хэрэгсэл нь худалдан авагчдыг кассан дээр НӨАТ-ын татвараа төлөхийг шаарддаг бөгөөд ингэснээр тэд сугалаанд оролцох боломжтой болдог.


Татварын албанд орлогын тайлангаа худал мэдүүлэх замаар жижиглэн худалдаа эрхлэгчид зардлаа бууруулах арга буюу сүүдрийн /далд/ эдийн засгийн үйл ажиллагааг Монгол Улс таслан зогсоохоор ажиллаж байгаа юм. “Нарантуул” гэх мэт хар захууд амьтны арьс, холигч гээд дийлэнх нь албан ёсны бүртгэлгүй буюу татвар төлөгдөөгүй бараа бүтээгдэхүүнээр дүүрэн байдаг. Үүнтэй холбогдуулан Монголын татварын албаныхан татварын суурийг нэмэгдүүлэх зорилгоор дээрх санаачилгыг гаргажээ.



НӨАТ төлсөн худалдан авалт бүрт олгодог баримтаар худалдан авагчид 50 мянгаас эхлээд хэдэн сая төгрөгийн шагналтай сугалаанд оролцох боломжтой болно. 2017 онд нэгэн эмэгтэй 500 сая төгрөг буюу дундаж орлоготой нэг айлын сарын орлогыг 500 дахин нугалсантай тэнцэх хэмжээний мөнгийг хожсон тухай тус улсын хэвлэлд мэдээлсэн.


Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн цахим хуудсанд мэдээлснээр, өнгөрсөн онд 119 254 хүнд нийт 5.05 тэрбум төгрөгийн хонжворын мөнгө олгосон байна.


Харин Үндэсний статистикийн хорооноос гаргасан 12 дугаар сарын тайланд, өнгөрсөн онд НӨАТ-ын орлого 32.7 хувиар өссөн нь татварын нийт орлогын өсөлтийн гол хүчин зүйл байсан гэж бичжээ.


Сүүдрийн эдийн засгийг тооцоолж, ерөнхий төлөвийг гаргахад төвөгтэй байдаг боловч 2015 оны байдлаар Монголын ДНБ-ий 15.9 хувийг сүүдрийн эдийн засаг эзэлж байна гэж Олон улсын валютын сан тооцоолсон байна.


Хэрэглэгчид ухаалаг гар утсандаа татварын баримт уншуулах хавсралтыг суулгаж, баримтаа бүртгүүлнэ. Ингэснээр бүтэн жилийн турш хийсэн худалдан авалтынхаа 2 хувийг ирэх онд буцаан авдаг.


Монгол нь ийм төрлийн арга хэрэгслийг туршиж байгаа анхны улс биш юм. Европын орнууд ч гэсэн үүнтэй төстэй аргыг туршиж байна гэж “Bloomberg” хэвлэл мэдээллийн компанийн сэтгүүлч Терренс Эдвардс бичжээ.


Холбоотой мэдээ