Төрийн албаны зөвлөлийн дарга томилогдохгүй сонгогдоно

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-01-04 10:37:04

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 12 дугаар сарын 7-нд УИХ баталж, 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс  даган  мөрдөж эхэллээ. Төрийн албаны зөвлөл (ТАЗ) таван гишүүнтэй, түүний хоёр нь төрийн албан хаагчийн төлөөлөл байна гэж хуулийн 68 дугаар зүйлд заасан аж. Төрийн албан хаагчийн төлөөлөл болон ТАЗ-ийн гишүүнд нэр дэвэшигчдэд “төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн, ял шийтгүүлж байгаагүй, 45 нас хүрсэн Монгол, улсын иргэн байна “гэсэн хуулийн тусгай шаардлага тавьжээ.  Мөн сүүлийн нэг жил улс төрийн намын  удирдах албан тушаалд сонгогдон болон томилогдон ажиллаж байгаагүй байх ёстой гэнэ.  Дээрх хуулийн шаардлагыг хангасан эрхэм төрийн албан хаагч та нэрээ дэвшүүлэх бүрэн боломжтой. Сонгон шалгаруулалтад оролцох  хүсэлт бүрдүүлсэн баримт бичгийг Засгийн газрын 11 дүгээр байрны 302 тоотод 2019 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 09:00-17:30 цагийн хооронд хүлээн авах зар гарчээ.

УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо  2018 оны 12 дугаар сарын 25-нд энэ сонгон шалгаруулалтын журмыг баталжээ. ТАЗ-ийн  шинэ хуулиар таван гишүүний хоёрыг энэ журмаар сонгон шалгаруулна. Харин үлсэн гурван гишүүнийг УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын ХЭГ-аас тус бүр нэг нэг төлөөлөл оруулан бүрдүүлнэ. ТАЗ-ийн таван гишүүн хуралдаад дотроосоо  гурван жилийн хугацаатай дарга аа сонгоно. ТАЗ-ын даргыг Ерөнхийлөгч нэр дэвшүүлж, УИХ баталдаг байсан хуулийн хуучин заалтыг өөрчилсөн байна. Гишүүд дундаасаа дарга аа сонгож байгаа үйлдэл нь тухайн байгууллагыг хараат бусаар ажиллахад чухал нөлөө үзүүлнэ гэж хууль тогтоогчид үзжээ.

Зөвлөлийн дарга сонгох процетураас эхлээд, бие даан ажиллах болзол нөхцөлийг урьдийнхаас илүү хангасан зарчмын өөрчлөлт Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад орсон гэнэ.  Мөрдөгдөж эхэлсэн  хуулиар ТАЗ-ийн эрх мэдлийг  өргөжүүлжээ.  Тус байгууллага төрийн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтыг хянаж батлана. Нэг үгээр хэлбэл ажил олгогч дур мэдэн хүнд зориулж ажлын байрны тодорхойлолт гаргаж ТАЗ шалгалт авдаг байсан бол одоо ажлын байрны тодорхойлолтод  стандаарт бий болгон мөрдүүлэх юм байна.


Төрийн захиргааны алба  тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэл, ахлах түшмэл, дэс түшмэл,  туслах түшмэл  гэсэн ангилалтай. Тэргүүн түшмэл гэдэг нь төрийн албаны хамгийн өндөр албан тушаал буюу яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал. Энэ албан тушаалтай аймаг, нийслэлийн Тамгын газрын дарга, агенталгын даргыг дүйцүүлсэн байна. Уг албан тушаалд төрийн албанд 16-аас  доошгүй жил ажилласан байна гэсэн хуулийн шалгуур тавьжээ. Энд нэг зүйлийг тодруулахад УИХ-ын болон орон нутгийн 2016 оны ээлжит сонгуулийн дараа хуулийн дагуу томилогдсон дээрх албан тушаалтануудад энэ шалгуур хамаарахгүй. Тэд томилогдсон албан тушаалаа 2020 оны ес дүгээр сарын 1 хүртэл хаших боломжтой (Засгийн газрын тухай хуулийн нэмэлтээр ийм хугацаа зааж өгсөн). Харин 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш дээрх албан тушаалуудад шинэ хүн томилогдвол хэрэгжиж байгаа хуулийн заалт үйлчилнэ.  


Ер нь яамны Төрийн нарийн бичгийн дарга, түүнтэй дүйцүүлсэн албан тушаалтан (2020 оны 9 дүгээр сарын 1-ээс хойш)-ыг зургаан жилээр томилно. Түүнчлэн холбогдох хуульд өөрчлөлт ороогүй нөхцөлд томилогдсон албан тушаалтан, батлагдсан ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдөхгүй байхаар энэ хуулиар зохицуулжээ. Яам, агенталгын газар, хэлтсийн дарга нар өөр өөрийн шалгууртай. Яамны хэлтсийн дарга болно гэвэл төрийн албанд 12 жил ажилласан байхаас гадна эрхэлсэн түшмэлийн хэмжээнд төрд алба хашсан байхыг тусгай шаардлага болгон оруулсан байх жишээтэй. Төрийн захиргааны албан тушаалтны сонгон шалгаруулалтад оролцогсдоос хамгийн өндөр оноо авсаныг нь ТАЗ томилох эрхтэй байгууллага,  албан тушаалтанд санал болгоно. Төрийн албан хаагчийг томилох байгууллага, албан тушаалтан түүнээс нэг удаа татгалзах боломжтой. Харин хариуд ТАЗ дахин өөр хүнийг санал болгоно.


Шинэ хуулиар төрийн албаны төв байгууллага (ТАЗ), шүүх  төрийн албан хаагчийг ажлаас нь хууль бусаар халсан гэж тогтоовол,  төрд учруулсан хохирлыг  шийдвэр гаргасан  албан тушаалтнаар нөхөн төлүүлэх тухай заалт орсон байна. ТАЗ өөрийн болон шүүхийн шийдвэрийн биелэлтэд бүртгэл хөтөлж, төрд учирсан хохирол нөхөн  төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрэхтэй болжээ. Тус зөвлөл ийм эрх эдлэхийн зэрэгцээ тарийн албанд хүний нөөцийн аудит хийж, гарсан зөрчлийг арилгуулна. Эдгээр нь тарийн захиргааны жинхэн албан тушаалтны хамгаалалт болно гэж хууль санаачлагчид тайлбарлаж байна.


Төрийн албан хаагчийн УИХ-ын болон орон нутгийн сонгууьд нэр дэвших эрхийн хуулийн зохицуулалтыг  нөхөн болон дахин сонгуульд төрийн албан хаагч хэрэхэн оролцох талаар дэлгэрүүлэн оруулжээ. Хуулийн 46 дугаар зүйлийн дөрөвт “ээлжит бус сонгуульд нэр дэвших бол тухайн сонгууль болохоос 60 хоногийн өмнө, нөхөн, дахин сонгуульд нэр дэвших бол тухайн сонгууль болохоос 30 хоногийн өмнө тус тус төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө байгууллагын эрх бүхий албан хаагчид буюу томилсон эрх бүхий байгууллагад гаргана” хэмээн заажээ. Төрийн албаны тухай хууль (1995 оноос) хэрэгжиж ирсэн хугацаанд гарч байсан нүх сүвийг бөглөх, зохицуулагдаагүй байсан зүйлийг оруулах талаар дэвшил гарсан гэж төрийн албаны төв байгууллага тайлбар хийж байна. ТАЗ болон төрийн албан хаагчдад хуулиар эрх мэдэл олгож байгаа нь тэдний хүлээх хариуцлагыг нэмдэг.  Энэ хууль ч тэр жишгийг дагажээ.


Төрийн алба өөрөө хуулийн эрх мэдлээс гадна тухайн хүний мөн чанар, ур чадвараас маш их хамааралтай байдаг. Энэ талаар судлаач Ц. Сүхбаатар “ монголчууд эрт дээр үеэс төрийн  захиргаанд ажиллаж байгаа хүнийг  “төрийн хар хүн” хэмээн нэрлэж, хүндэтгэн дээдэлж, үгийг ёсчлон дагадаг уламжлалтай. Ардын итгэл хүндлэлийг хүлээсэн төрийн хар хүн ёс жудаг, үнэт зүйлээ эрхэмлэгч нэгэн байжээ. Ардчилсан нийгэмд  төрийн алба хаших эрх бүгдэд нээлттэй. Гэхдээ ёс суртахууны асуудал хамгийн чухал шалгуур байх ёстой юм. Монголчуудын төрийн нарийн философи нь "эрдмийн баян бол эрхэм баян, үр хүүхдийн баян  удаах баян, эдийн баян адгийн баян" гэж үздэг. Энэ шалгуураар төрийн түшээдийг сонгох нь их чухал юм.  Төрийн алба “уламжлал, ажлын явц, ирээдүй” гэсэн гурван хэлхээсээр тодорхойлогддог. Үүнийг мэдэхгүй, чадахгүй хүнийг төрийн албанд ойртуулж байгаагүй уламжлал бидэнд бий.Төрийн албанд томилогдоод амьдралаа дээшлүүлнэ гэсэн бодолтой хүнийг энэ албанд ойртуулах хэрэггүй” гэж байр сууриа илэрхийлжээ.


Энд сонгогдох гэж байгаа төрийн албан хаагчаас сонгох гэж байгаа ТАЗ-ийг дээгүүр тавьсан байна. Тэгэхээр төрийн алба хүссэн бүхэнд олдохгүй байх магадлалтай (өнгөрсөн хугацаанд ийм байсан). Тэрчлэн “ Их хүссэнээсээ хүн  авч чадаагүй хоцорвол, түүнийгээ  аз хэмээн үзэх хэрэгтэй” гэж мэргэд сургасан байдаг. Төрийн албаны шалгалт өгсөн ч алба хашиж чадахгүй хоцорсон  хүн, түүнийгээ  аз гэж ойлгоход  илүүдэхгүй бололтой. Г. Эрдэнэбат

Холбоотой мэдээ