Чойжин ламын музейг сэргээн засварлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
183@montsame.mn
2019-02-02 11:39:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой “Өв эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлжээ. Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлэх уг хөтөлбөрт үндэсний хэмжээний томоохон төслүүдийг шалгаруулан, таван жилийн хугацаанд нийт хоёр тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг М-СИ-ЭС группээс  олгох юм.

Тэтгэлэгт хөтөлбөрийн эхний төсөл болох Чойжин ламын сүм музейн уран барилгын хадгалалт хамгаалалтын ажлыг БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газар, Чойжин ламын сүм музей, Монголын Урлагийн Зөвлөл зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн бусад байгууллагатай хамтран 2019 оноос эхлүүлнэ.

Монголын Урлагийн Зөвлөл Чойжин ламын сүм музейг сэргээн засварлахад бэлтгэх зорилгоор 2008 онд архитектурын хэмжилт ба барилгын гэмтэл, 2017 онд байгалийн болон нийгмийн гаралтай хүчин зүйлсийн нөлөөлөл зэрэг 9 төрлийн судалгааг Австрали улсын иргэн Рожер Перрийн дэмжлэгээр хийжээ. Тус судалгааны  дүгнэлт, зөвлөмжид үндэслэн Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсийн газар ашиглалтын төлөвлөлт, орчны тохижилтын ажлыг хийх юм.

Мөн  Богд хааны ордон музейн уран барилгын одоогийн нөхцөл байдлыг үнэлэн сэргээн засварлах  юм байна.

М-СИ-ЭСГруппийн ерөнхийлөгч Ж.Од “Бид 25 жилийн ойн хүрээнд улс орныхоо нийгэм, соёлыг хөгжүүлэхэд хувь нэмэр болох бодит санаачилгуудыг дэмжиж, санхүүжүүлэхээр болсон. 2013 онд 20 жилийн ойгоороо соёлын өвийг хадгалж, хамгаалах зорилготой "Монгол кино HD", "Занабазарын нууц", "Үндэсний дуурь, балетын ноотыг сэргээн цахимд хөрвүүлэх" зэрэг томоохон төслүүдийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн. 25 жилийн ойгоороо эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарт хэд хэдэн томоохон хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэлээ.

МУЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Чингис хаан одонт, МУСГЗ Г.Мэнд-Ооёо “Өв эрдэнэ соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын ард түмний эрдэм билиг, ур ухаан, оюун соёлын охь дээж болсон түүх соёлынхоо хосгүй үнэт дурсгалуудыг нандигнан хамгаалж, сэргээн хямгадаж, арвижуулан дэлгэрүүлж үеийн үед түүчээлэн хүргэх сайн үйлсийн аян юм” гэлээ.

Холбоотой мэдээ