Ээжүүд Бүрэнхайрхан ууланд сүүн цацал өргөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Булган сумын ЗДТГ, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Сум дундын цагдаагийн хэлтэс хамтран байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, уул усаа шүтэн дээдлэх заншлын дагуу Бүрэнхайрхан ууланд сүүн цацал өргөх ёслол зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд Булган сумын 300 гаруй эмэгтэйчүүд оролцож, Бүрэнхайрхан уулын дэргэдэх дөрвөн замын уулзвар дээр цугларч, нутгийн шүтээн уул усаа аргадан, хайр энэрлийг нь хамаг амьтны тусын тулд гуйж, хүн ардынхаа алтан шар зам, ажил үйлс, ахуй амьдрал нь сайн сайхан байхыг сүсэглэн залбирч сүүн цацал өргөсөн юм.
Өнгөрсөн онд Улсын хэмжээнд зам тээврийн осол 1231 бүртгэгдсэнээс орон нутгийн замд 714, Булган суманд 72 бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын шалтгаан нь хурд хэтрүүлэх, архидан согтуурсан үедээ бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдэлтэй юм. Тиймээс зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эмэгтэйчүүд хань ижил, үр хүүхдийнхээ аяны алтан шар замыг ерөөн, сүүн цацлаар гэрэлтүүлснээрээ онцлог байлаа.
Энэ үеэр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хурдаа тохируулах, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байхыг уриалав.