Хаваржилт хүндэрсэн сумдад тусламж хүргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-03-20 19:16:55

Хөвсгөл аймгийн Улаан загалмайн хороо, Онцгой байдлын газраас хаваржилт хүндэрсэн Эрдэнэбулган, Тариалан, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр сумдад ажиллаж Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Онцгой байдлын ерөнхий газар, олон улсын улаан загалмайн Улаан хавирган сар холбооны дэмжлэгтэйгээр малчдад бэлэн мөнгө болон хүнсний багц тусламжийг хүргэлээ.

Намар эрт орсон цас хайлж хөлдсөн, дээр нь их хэмжээний цас орсон тул мал бэлчээрээр өвсөнд хүрэх боломжгүй болсон тул тэжээл хэрэгтэй байгааг малчид хэлж байлаа. Аймгийн Улаан загалмайн хорооноос “Хүмүүнлэг иргэд хүний дээд” уриатай ажлын хүрээнд 100 өрхөд бэлэн мөнгөний тусламж, 89 өрхөд хүнсний багц тусламжийг  газар дээр нь хүргэлээ.

Мөн Онцгой байдлын газраас зуд, гал түймэр, шар усны үерээс хэрхэн урьдчилан сэргийлэх, ямар арга хэмжээ авах талаар болон хорогдсон малын сэг зэмийг нэг дор устган ариутгахгүй бол халдварт өвчин гарах эрсдэлтэйг анхаарууллаа.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

Холбоотой мэдээ