Өнөөдөр Монголын шигшээ БНАСАУ-ын багтай тоглоно

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-03-22 15:17:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн талбайд 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “G” хэсгийн тоглолтууд эхэлж байгаа талаар Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.


Энэхүү “G” хэсэгт БНАСАУ, Хонконг, Сингапур болон Монголын баг багтсан. Өчигдөр /2019.03.21/ Монголын хөлбөмбөгийн холбооны байранд болсон дасгалжуулагч нарын оролцсон хэвлэлийн хурал дээр дурдсан орнуудын дасгалжуулагч нарын сэтгэгдлийг хүргэе.


БНАСАУ-ын багийн дасгалжуулагч Ли Ю Ил: “Миний хувьд, Монгол Улсад анх дахь удаагаа ирлээ. Нийслэл Улаанбаатар хот надад таалагдлаа. Монголын цаг агаар манайхтай адил учраас бид хангалттай бэлтгэж чадсан. Улаанбаатарт болох гурван тоглолт маш чухал. Бүх багт сул болон давуу тал байгаа. Мэдээж бүх зүйлийг хийхэд хэцүү ч бид бүхэн анхааралтай байх болно” гэв.


Харин Сингапурын багийн дасгалжуулагч Фанди Ахмад: “Монгол Улсад анх удаа ирлээ. Төсөөлж байснаас тэс өөр юм байна. Хүмүүс нь найрсаг сайхан санагдлаа. Манай багийн зарим тоглогчид хоёр жилийн өмнө Монголын багтай тоглож байсан. Тиймээс тэдний хувьд энэ удаа туршлагатай болсон гэж бодож байна. Ирэх өдрүүдэд биднийг чухал тоглолтууд хүлээж байна. Тоглолтын үеэр цас бүү ороосой. Мэдээж хүйтэн байх юм шиг байна. Гэхдээ хүйтэн ч гэсэн хийх ёстой зүйлээ бид хийнэ” гэжээ.


Хонконгийн шигшээ багийн дасгалжуулагч Карлос Антон хэлэхдээ: “Монголд анх удаа ирлээ. Төсөөлснөөс илүү дулаан байна. Энд ирэхийн өмнө Сингапурын багийн адил Японд бэлтгэл хийх байж гэж бодогдлоо. Бид хүйтнийг ажрахгүй тоглоно. Манай багийн бүрэлдэхүүнд Үндэсний шигшээ багийн дөрвөн тоглогч байгаа” гэв.


Монголын багийн дасгалжуулагч, Герман мэргэжилтэн Ханс Майкл Вайсс: “Монголын хөлбөмбөг сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байна. Энэ удаад чансаа өндөр багууд ирсэн. Бидний хувьд бүхий л боломжоо ашиглаж тоглоно. Өвлийн улиралд бэлтгэл хийх боломж бага байдаг. Монголын нөхцөлд 11 дүгээр сард бэлтгэл зогссон. Бид БНХАУ-д гурван долоо хоног бэлтгэл хийсэн. Монголын багийн дутагдалтай тал нь хаалгач байдаг. Энэ удаа залуу хүүхдийг шигшээ багийн бүрэлдэхүүнд авсан. Бид залуучуудаасаа их зүйл хүсэхгүй ч бүхий л боломжоо ашиглах болно." хэмээн ярьсан байна.


Өнөөдрийн тоглолтын хуваарь:


13:00 Хонконг – Сингапур

 

17:00 БНАСАУ – Монгол

Холбоотой мэдээ