“Туслах малчин” төсөлд ажилгүй иргэдийг хамруулж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-03-21 15:57:39

Молор HD ТВ-ийн санаачилгаар ХХААЯ, Төрийн банк хамтран “Туслах малчин” төсөл хэрэгжүүлж байна.

Орон нутгаас Улаанбаатар хот руу чиглэсэн их нүүдлийг сааруулах, ажилгүй иргэдийг ажлын байртай болгох зорилготой уг төслийг энэ сарын 15-наас эхлүүлсэн бөгөөд эхний нэвтрүүлэг ирэх сарын 10-наас эхлэн Молор HD ТВ-ээр үзэгчдийн хүртээл болох юм.

Төслийн эхний шатанд Хэнтий аймгийн Галшар сумын сайн малчин Д.Очирбат, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын сайн малчин Ш.Эрдэнэбатынд туслах малчин нэг жилийн турш амьдарч, малч ажил хөдөлмөрт суралцах юм.

Ингэхдээ Молор HD ТВ, мянгат малчин, туслах малчин гурвын дунд гэрээ байгуулж, цалин хөлсийг харилцан тохиролцоно. Мөн туслах малчны амьдралын баталгаагаа сайжруулах боломжоор хангахын тулд малжуулах тал дээр нь анхаарахаас гадна төсөл хэрэгжих хугацаанд нийгмийн асуудлыг шийдэж, хүүхдүүдийг нь сургууль цэцэрлэгт хамруулан, хичээлийн хэрэгслээр хангах гэнэ.

Одоогийн байдлаар туслах малчин авах хүсэлтэй 60 гаруй өрх, туслах малчнаар ажиллах хүсэлтэй 200 гаруй хүн бүртгүүлжээ.

Э.Бат-Уянга

Холбоотой мэдээ