Цагаачдын цуваа Мексикийн өмнөд нутгаас АНУ-ын хилийн зүг хөдөлжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2019-04-16 12:09:07

МЕХИКО. /TASS/. Төв Америкийн орнуудаас ирсэн 3000 орчим цагаач даваа гарагт Мексикийн өмнөд нутгийн Чьяпас мужаас АНУ-ын хилийн зүг хөдөлсөн байна. Цагаачдыг бүс нутгийн цагдаагийн газар болон аврах албаны ажилтнууд дагалдан явж байгаа тухай “Milenio” сонин мэдээлжээ.


Тус сонинд мэдээлснээр, цагаачид замдаа Мехико хотоор дайрч, түр орогнох хуаранд буудаллах аж. Хондурас, Сальвадор, Никарагуа, Гватемал, мөн Куба улсын иргэдээс бүрдсэн цагаачдын ээлжит цуваа гуравдугаар сарын сүүлчээр Чьяпас мужаас АНУ-ын хилийг чиглэн хөдөлсөн юм.


Хэрэв Мексикийн эрх баригчид АНУ-ыг чиглэсэн хууль бус цагаачдын урсгалыг зогсоохгүй бол тус улстай залгаа хилээ хаана гэж Дональд Трамп гуравдугаар сарын 29-нд мэдэгдсэн билээ. Харин Мексикийн төрийн тэргүүн Андрес Мануэль Лопес Обрадор мөн энэ өдөр мэдэгдэл хийхдээ, иймэрхүү сүрдүүлэгтэй нь холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгчтэй мэтгэлцэх бодолгүй байна гэжээ. 


Жил бүр Төв Америкийн ядуу буурай орнуудын хэдэн зуун мянган иргэн Мексикийн нутгаар дамжин АНУ-д нэвтрэхийг оролддог байна. Энэ замд цагаачид маш олон аюултай тулгардаг бөгөөд ихэвчлэн гэмт бүлэглэлийн эсвэл хүний наймаачдын золиос болдог аж.


 


Холбоотой мэдээ