Прокурорын орлогч нарыг томилж, тээврийн асуудлыг цогцоор нь шийдсэн долоо хоног
ТОЙМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч нарыг томилсон, УИХ-ын чуулганаар С.Зоригийг хөнөөсөн хэргийг судлах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороо байгуулах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн, Ерөнхийлөгч Х.Баттулга 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлах зарлиг гаргасан зэргээр улс төрийн үйл явдлууд өрнөв. Өнгөрч буй долоо хоногт Монголын улс төрд өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Улсын Ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг томилов
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын захирамжаар Улсын Ерөнхий прокурорын орлогчоор Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг энэ сарын 18-нд томиллоо.
Ерөнхийлөгч Улсын Ерөнхий прокурорын орлогчоор дээрх хоёр прокурорыг томилох асуудлыг зөвшилцөх тухай албан бичгийг энэ сарын 8-нд УИХ-д хүргүүлсэн. УИХ-ын чуулганы энэ сарын 18-ны хуралдаанаар нэр дэвшигчдийг хэлэлцэж дэмжсэн юм. Чуулганы хуралдааны үеэр, УИХ-ын гишүүд ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий компаниуд зээл авсан асуудал, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, “Эрдэнэт" үйлдвэрийн 49, 51 хувийн асуудал зэрэг нийгэмд хүлээлт үүсгээд буй томоохон хэргүүдийг шуурхай шийдвэрлэх шаардлагатай гэдгийг нэр дэвшигчид захив. Мөн хуулийн хүрээнд шударга ажиллаж, улс төрчдөөс ангид байх хэрэгтэй гэдгийг дурдаж байсан юм.
Максимын Чинбат Улсын Ерөнхий прокурорын газарт Хяналтын хэлтсийн прокуророор, харин Содонгийн Алиманцэцэг 2018 оноос Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокуророор ажиллаж байсан юм.
С.Зоригийг хөнөөсөн хэргийг судлах түр хороонд 7 гишүүн ажиллана
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар "Түр хороо байгуулах" тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Олон улсын парламентын удирдах зөвлөлөөс "Монгол Улсын дээд шүүхийн шийдвэрээр, 2017 онд эцэслэн шийдвэрлэсэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүн таслах ажиллагаа нь хүний эрхийн хэмжүүр болон шударга шүүхийн зарчимд нийцээгүй" хэмээн үзжээ. Тиймээс тус зөвлөл уг хэргийг шударга шүүхээр шийдвэрлэх, цаашид ч шийдвэрлэнэ гэдгийг баталгаажуулах үүднээс УИХ дэргэдээ парламентын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх шинэчилсэн хороо байгуулахыг уриалжээ. Энэ дагуу УИХ-ын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар, С.Зоригийг хөнөөсөн хэргийг судалж, санал дүгнэлт боловсруулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо байгуулах тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, А.Сүхбат нар санаачлан боловсруулсан байна. Түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Я.Санжмятав, Ц.Нямдорж, А.Сүхбат, Ө.Энхтүвшин, Х.Нямбаатар нар ажиллахаар тогтоолын төсөлд тусгасан юм.
Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр С.Зоригийг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд ил болгох эсэхийг УИХ-ын гишүүн О.Содбилэг гишүүн асуусан. Эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд үзүүлэх эсэхийг түр хороо байгуулсны дараа шийднэ гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлсэн. Мөн тэрбээр, "Энэ хэргийн мөрдөх ажиллагааг улсын нууцад оруулсан байгаа. Ер нь бол Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх материалыг л нууцын зэрэглэлд оруулдаг. Гэтэл ийм ил тод хэргийг нууцын зэрэглэлд оруулсан нь буруу” гэлээ.
Ийнхүү тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт хийх юм.
“Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгох зарлиг гардуулаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлах зарлиг гаргаж, БСШУС-ын Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нарт гардууллаа.
Монгол Улсын 2019 оны төсөвт хүүхэд хамгаалалд 8 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасныг Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гардуулах үеэр онцлов. Тэрбээр, "Төсвийг нэмснээр гэр бүлийн болон сургуулийн орчинд хүүхэд эрсдэх, бэртэж гэмтэх нь эрс буурах ёстой. Өнгөрсөн жилийнх шиг хүүхэд хамгааллын мөнгөөр ширээ сандал, тавилга худалдаж аваад, үйл ажиллагааны зардал болгоод дуусаж болохгүйг анхаарах ёстой. Цаашдаа хүүхэд хамгаалахтай холбоотой улсын төсөвт тусгасан зардлыг жил бүр нэмэхэд сайд нар онцгой анхаарах хэрэгтэй" хэмээв.
Монгол Улсад Ерөнхийлөгчид 13 мянга гаруй хүүхдээс ирүүлсэн захидал, гар зургийг эмхэтгэл болгосноо төрийн байгууллагын удирдлагуудад тарааж, хүүхдүүдийн зургаас ирээдүйдээ хэрхэн санаа зовж буйг олж харах, ширээний номоо болгохыг захилаа.
Ерөнхийлөгч Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, уялдааг хангах, хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах, гэр бүлийн хөгжлийг дэмжих үйлчилгээ үзүүлж байгаа хувь хүн, хуулийн этгээдийг дэмжихийг зарлиг болгожээ.
Мөн хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүүхдийг цахим орчны халдлагаас хамгаалах, хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх, хар тамхи, мансууруулах бодисоос өсвөр үеийг хамгаалах, хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, импортын хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн тоглоом, хэрэгсэлд тавих хяналтыг сайжруулахыг зарлиг болгосон юм.
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөрийг батлав
Засгийн газрын энэ сарын 17-ны ээлжит хуралдаанаар Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийг батлав.
Хөтөлбөрийг 2019-2022 онд хоёр үе шаттай хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлан, биелэлтэд хяналт тавихыг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд үүрэг болголоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, жил бүрийн Үндсэн чиглэлд тусган, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаас гаргах аж. Ингэснээр жижиг, дунд үйлдвэрүүд техник, технологио шинэчилж, бүтээгдэхүүний нь өрсөлдөх чадвар дээшилж, импортыг орлох, экспортод чиглэсэн үйлдвэрлэл хөгжихөд түлхэц болно хэмээн Засгийн газар үзэж байна.
Монгол Улсын хэмжээнд 60 мянга гаруй жижиг дунд үйлдвэр байдаг бөгөөд нийт 900 мянган хүн ажилладаг байна. Жижиг дунд үйлдвэрүүд Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх 17.3 хувийг эзэлдэг бөгөөд хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр 21 хувьд хүрэх боломжтой хэмээн тооцжээ. Түүнчлэн жижиг дунд үйлдвэрүүд экспортод гарах бүтээгдэхүүний 5.3 хувийг бүрдүүлэхээс гадна шинээр 30 мянган ажлын байр бий болно гэсэн судалгааг холбогдох албаныхан гаргасан байна.
Нүүрс тээврийн асуудлыг цогцоор нь шийднэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт боомт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд гарч буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, тээврийн жолооч нарын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах хугацаатай Албан даалгавар гаргалаа.
Төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй Засгийн газрын төлөөлөгчийг Гашуунсухайт боомтод ажиллуулах асуудлыг судлан шийдвэрлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгав. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд барьж байгаа “Тээвэрчдийн хотхон”, Гашуунсухайт боомт орчимд барьж буй “Тайван зогсоол”-ыг ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийн дэмжлэг үзүүлэх, хотхон, зогсоолд төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлдэг болгохыг мөн үүрэг болгосон юм.
Тавантолгой-Гашуунсухайт боомт чиглэлийн авто замыг засаж, тэмдэг, тэмдэглэгээг сайжруулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл, “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захиралд даалгав. Тавантолгой-Гашуунсухайт авто замын дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх суурин болон явуулын баг ажиллуулахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой”, “Энержи ресурс” компанийн удирдлагуудад даалгав.
Тавантолгой-Цагаан хад-Гашуунсухайт боомт чиглэлд 176 аж ахуйн нэгж, байгууллага 12 мянга 918 тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэж байна.