Ерөнхийлөгчийн айлчлалын талаар хэн юу ярив?

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-04-27 13:08:13

Бээжин /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн айлчлалын талаар ЕТГ-ын дарга З.Энхболдоос тодруулга авлаа.

Тэрээр айлчлалын талаар, “Төрийн тэргүүн нарын уулзалтын дараа хоёр улсын төрийн байгууллагуудын хооронд найман баримт бичигт гарын үсэг зурлаа. Мөн голдуу хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хооронд хамтран ажиллах баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Тухайлбал, МУ-д Ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр барих тухай хамтын ажиллагааны хэлэлцээрийг  "Эрдэнэт Стийл" болон "Сино Стийл" компаниуд гарын үсэг зурлаа. Энэ бол МУ-д анх удаа 10 сая тн гангийн үйлдвэр барих эхлэл гэдгээрээ онцлогтой. Эхний ээлжинд 1 сая тн ган боловсруулах үйлдвэрийг Чойрт байгуулна. Цаашлаад Сайншандад гэх мэтээр үргэлжлээд явна. Үүнд МУ-ын ЗГ-аас ямар нэгэн баталгаа гаргаж өгөөгүй, цэвэр хувийн хэвшлийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа. Мөн Монголд анх удаа, улсын ямар нэгэн баталгаа, зээлгүйгээр хувийн цахилгаан станц барих Бөөрөлжүүтийн 300 мвт цахилгаан станцын төсөл, Хөшигтийн хөндийн 10 мвт-ийн цахилгаан станцыг мөн хувийн компани зээл авч барьж байна. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Аккумуляторын үйлдвэр байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн Хөгжлийн банк гурван баримт бичигт гарын үсэг зурж байгаа гэх мэтээр яам, агентлаг, хувийн компаниуд хооронд олон тооны гэрээ, хэлэлцээр зурсан амжилтай айлчлал дипломат харилцаа тогтоосны 70-н жилийн ойн хүрээнд боллоо.

Ерөнхийлөгч мөн 40 орчим орны төр, засгийн тэргүүнүүд оролцож буй “Бүс ба Зам” дээд түвшний уулзалтад оролцоно. Мөн Махны экспортын хоригийг шийдвэрлэх асуудал тавьж, махны экспортын асуудлаарх ажлын хэсэг манай улс руу явуулъя гэсэн зүйл яригдсан. Мөн махнаас бусад хүнсний бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох, экспортыг нэмэгдүүлэх талаар судлах ажлын баг явуулах талаар яригдсан. Ажил хэрэгч, ард түмний амьдралд шууд нөлөөлөх зүйлс яригдсан. Мөн энэ жилийн тусламжийн мөнгөөр Буянт-Ухаагийн спортын цогцолборт Азийн хүүхдийн наадам болон Зүүн Азийн олон төрөлт спортын наадмыг хүлээж авахад дутагдаж буй барилга байгууламжийг барьж байгуулъя гэдэг зүйл ярилаа. Мөн Ханги-Мандалаар шинэ төмөр замаар холбогдъё гэдэг саналыг тавьсан байгаа. Яагаад гэвэл, Замын-Үүд-Эрээн ачааллаа дийлэхгүй байна. Нурмаг ачаагаа Ханги-Мандал руу шилжүүлье, УБТЗ өөрийн хөрөнгөөр Зүүнбаян-Ханги Мандалын хэсгийг барихаар болж байна. Айлчлал богино хугацаанд үр дүнтэй болж байна” гэв.


    “Бодь интэрнэшнл” компанийн гүйцэтгэх захирал А.Амундра “Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд, манай компани Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах Бөөрөлжүүтийн талд хэрэгжүүлэх Бөөрөлжүүтийн 300 мвт цахилгаан станцын төслийн хөрөнгө оруулалт болон ерөнхий гүйцэтгэгчийн гэрээг дахин баталгаажуулан байгууллаа. Энэ төслийн хувьд хэд хэдэн онцлог байгаа. Нэгд, цэвэр арилжааны төсөл. Хувийн хэвшил мөнгө босгоод, олон улсын зах зээлээс мөнгө босгож барих төсөл. Хоёрт, Монголын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээний зөрүүг хангахад чухал үүрэг гүйцэтгэхээр байгаа. Гуравт, эрчим хүчний системд нийцтэй байдлаараа энэ төсөл маань зохимжтой техникийн шийдэлтэй төсөл байгаа юм. Энэ ондоо бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Төслийн нийт хөрөнгө оруулалт 600 орчим сая доллар бөгөөд энэ төсөл маань дагалдах бүтээн байгуулалт ихтэй. Төмөр зам, авто зам, эрчим хүчний шугам барьж байна. Сүүлийн 40-н жилд Монголд цахилгаан станц баригдаагүй, энэ төсөл анхных нь болж байна” гэв.

    Гангар холдинг компанийн ерөнхий захирал Ж.Энхтөр “Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд манай компани Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх Шинэ Амгалан төслийн санхүүжилт болон хамтран ажиллах гэрээнд Хятадын САМС Инженеринг компанитай гарын үсэг зурлаа. Төслийн хүрээнд, 5000 айлын орон сууц барих бөгөөд төсөл 2022 онд дуусах төлөвлөгөөтэй байна” гэв.


            “Эрдэнэс Стийл” компанийн гүйцэтгэх захирал Ц.Батболд “Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд манай компани Хятадын Синостийл компанитай Сайншанд, Чойр орчмын бүс нутагт баригдах Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийг түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлтэйгөөр барьж байгуулах хамтын ажиллагаагаа баталгаажуулж гарын үсэг зурлаа. Тус үйлдвэрийн хувьд, ТЭЗҮ нь батлагдсан. Олон улсад нэр хүндтэй ICBC банк санхүүжүүлэхээр төлөвлөгдсөн төсөл байгаа. Үйлдвэр маань эхний ээлжинд жилд хагас сая тн метал төмөрлөгийн кокс, 300 мянган тн ган төмөрлөг бүтээгдэхүүн тэр дотроо арматур, ган утас зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Цаашид жилд 10 сая тн ширмэн болон бусад бэлдэц төмрүүдийг үйлдвэрлэж экспортлохоор хамтарч ажиллаж байгаа. Үйлдвэр ашиглалтад орсноор жилд 250 сая долларын импортын бүтээгдэхүүнийг шууд орлох боломжтой. Шинээр 1500 ажлын байр бий болгоно. Цаашид Монгол Улсад нарийн төмөрлөгийн үйлдвэрлэл, машин тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл хөгжих суурь болно. Ирээдүйд иргэд хямд өртөгтэй орон сууцаар хангагдах, төмөр зам, зам, зам гүүр, ус цахилгааны дэд бүтцүүдэд шаардлагатай бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх хүчин чадалтай болоход чухал ач холбогдолтой. Төлөвлөгөөгөөр энэ оноос ажил эхлэж байгаа. Үйлдвэр 2021 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Нийт 292 сая ам.долларт багтаж үйлдвэрийг ашиглалтад оруулахаар байгаа юм” гэв.

А.Анхбаяр

Холбоотой мэдээ