Гамшгийн нөхцөл байдлыг зохиомжлон бэлтгэж, дадлага хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-25 12:08:49

Гамшгаас хамгаалах төрөөс баримтлах бодлого хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг гуравдугаар сарын 24-нд Сайншанд хотын “Хур говь” зочид буудлын байгууламжийг ашиглан зохион байгууллаа.

Албаныхан  газар хөдлөлт болсны улмаас  “Хур говь” зочид буудлын барилгад эвдрэл үүсч нурангид гурван хүн өртөж гэмтсэн,  мөн зочид буудлын хоол бэлтгэлийн өрөөнд шингэрүүлсэн хийн түлш алдагдсанаас нэг хүн хордсон,  мөн нурангид суудлын автомашин дарагдаж гал түймэр гарсаны улмаас  нэг хүний амь нас эрсэдсэн  зэрэг гамшиг ослын нөхцөл байдлыг  зохиомжлон бэлтгэсэн бөгөөд   гал унтраах, аврах 33 дугаар ангийн эрэн хайх, аврах бүлэг  ажиллав.

Энэхүү ажиллагаанд Эрүүл мэндийн алба, Хэв журмын алба, Сургалт, сурталчилгааны алба, Холбоо зарлан мэдээллийн алба, Мэргэжлийн хяналтын алба, Улаан загалмайн хороо,   Эмнэлгийн мэргэжлийн ангийн нийт 233 хүн хамрагдаж эрэн хайх, аврах хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд оролцсон байна.

Мөн  гамшгийн голомтын бүс болон “Хур говь” зочид буудлыг хамгаалалтад авах, барилгын нурангид дарагдаж амь насаа алдсан хохирогчийг таньж олуулах хэргийн газрын үзлэг шинжилгээг  Хэв журмын албанаас зохион байгуулсан бөгөөд мөн нурангины үеэр тус зочид буудлын албан бичиг хэргийн өрөөнөөс их хэмжээний мөнгө хулгайд алдагдсаныг цагдаагийн байгууллагынхан  илрүүлэн саатуулах зэрэг ажлыг зохион байгуулав.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ