Эрүүл мэндийн салбарыг улстөржүүлэхгүй байхыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-05-23 17:27:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамнаас хэвлэлийн бага хурал хийж, өнөөдөр ЭМЯ-ны гадаа болсон жагсаалтай холбогдуулан хариу тайлбар өгч, эмч эмнэлгийн салбарыг улстөржүүлэхгүй байхыг уриаллаа. Хуралд дэд сайд Л.Бямбасүрэн, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Я.Амаржаргал, Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа нар оролцов. 


Хэвлэлийн хурлын эхэнд, салбарт хийж буй томоохон ажлаас Эрүүл мэндийн яамны дэд сайд Л.Бямбасүрэн мэдээлэл өгч, бодлогын түвшинд хийж, хэрэгжүүлж буй ажлаас танилцуулсан юм. Тэрбээр, “Ардчилсан намын бодлогын зөвлөлийн дарга Ж.Амарсанаа гэж хүнээс шаардлага ирүүлсэн байгаа. Хэд хэдэн асуудал дурдсан. Эх хүүхдийг хамгаалах чиглэлээр “Эх хүүхэд нөхөн үржихүйн” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Эх хүүхдийн эндэгдэл жилээс жилд буурч байгаа. Алсалсан аймаг сум багт эрүүл мэндийн үйлчилгээ хүрч байна. Мөн мобайл үйлчилгээг нэвтрүүлсэн. Иргэдэд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор Эм эмнэлгийн тухай хуулийг УИХ-ын даргад өргөн барьсан. Энэ хууль батлагдсанаар, эмийн зохистой хэрэглээ бүрдэнэ. Иргэдийн чирэгдлийг багасгах үүднээс цахим эрүүл мэнд төслийг хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар 48 эмнэлэг орчин үеийн цахим хангамжийг нэвтрүүлсэн. Мөн иргэдэд тусламж цахим жорыг нэвтрүүлсэн. Олон улсын жишигт суурилсан оношилгоо эмчилгээний төв Хоёрдугаар эмнэлгийн хажууд барьж байгаа. Монголд эмчлэх боломжгүй 39 өвчин байснаас 26 болж цөөрүүлээд байна. Өнөөдөр ЭМЯ-ны гадна 20 орчим иргэн оролцсон жагсаал боллоо. Энэ жагсаалыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж байгаа ч энэ салбарынхны хөдөлмөрийг дайрсан зүйл боллоо. Энэ бол илт улстөржсөн үйлдэл. Жагсаалыг зохион байгуулагч нь энэ салбарын дэд сайдаар ажиллаж байсан хүн учраас энэ асуудлыг ойлгох ёстой гэж бодож байна. Энэ хүн дэд сайдаар ажиллаж байхдаа сүрьеэгийн талаар эрчимтэй арга хэмжээ авсан бол өнөөдөр ийм байдал үүсэх байсан уу. Сүрьеэгийн эмч нар зөвлөгөөн зохион байгуулаад тухайн үеийн дэд сайд Ж.Амарсанаад хүртэл хандаж байсан юм билээ. Харин ч бид орон даяар үзлэг зохион байгуулсны эцэст эрт илрүүлж байна. Сүрьеэ өвчтэй хүнийг эрт илрүүлэх, эмчилгээнд хамруулах, хавьтлыг илрүүлж шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна” гэв.

Т.Энхзаяа: Өнгөрсөн 2018-2019 онд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ шинэ шатанд гарсан гэж хэлж болно. Эрүүл мэндийн боловсролыг Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулах ажил бүрмөсөн зогссон байсан. Үүнийг 2018 оны хичээлийн жилээс эхлэн сургалтын хөтөлбөрт оруулсан. Мөн 2018 оноос эхлэн анх удаа орон даяар 18-аас дээш насны иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан. Нийт 86 мянган хүнийг хамруулсан. Үүнээс өвчлөлтэй 200 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Монгол Улсад өнөөдөр улаанбурхан өвчин дэгдээгүй байна. Өнөөдөр бид урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн авч, дархлаажуулалт сайн хийсний үр дүн юм. Сүрьеэ өвчнөөр хэн ч өвдөж болно. Энэ бол эдгэрдэг өвчин. Хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг бүү улстөржүүлээч ээ. Ингэснээр нийгэмд хүүхдийн ялгаварлан гадуурхалтыг маш их дэврээж байна.Эцэг, эхчүүдийн хувьд эмч мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахыг хүсэж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын улс орнуудад өгсөн зөвлөмжийн дагуу, халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийн хүрээнд, энэ жил ЕБС-иудад сүрьеэ илрүүлэх үзлэг зохион байгуулсан. Энэ бол нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ. 

Р.Оюунханд: ЭМЯ бодлогын хүрээнд эрүүл мэндийн байдалд үнэлгээ хийж ажилладаг. Тиймээс өнөөдөр сүрьеэгийн өвчлөлийг илрүүлэхээр эрчимтэй ажиллаж байна. Амьсгалын замаар халдварладаг өвчин учраас бид өөрсдөө эрт илрүүлэлтэд идэвхтэй хамрагдах ёстой. Буруу зөрүү ойлголт түгээхгүй байхыг хүсье.

Я.Амаржаргал: Засгийн газраас хүн амын дундах элэгний В, С вирусийн голомтыг 2020 он гэхэд устгаж, халдвар тархалтыг таслан зогсоохоор ажиллаж байгаагийн үр дүнд 2018 онд 413553 хүн үзлэг, шинжилгээнд хамрагдсанаас 20 гаруй мянган хүн вирусийн ачаалал тоолох шинжилгээ хийлгэж, 3455 хүн вирусийн эсрэг  эмчилгээнд хамрагдсан. Элэгний В,С вирусийн эсрэг 5 төрлийн эмийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас хайрцаг тутамд 210 мянган төгрөг, дан найрлагатай 2 нэрийн эмийн үнийг 60-150 мянган төгрөгөөр хөнгөлж  байгаа. Ер нь бол урьд нь хэрэгжүүлж байгаагүй арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр халдвар болон янз бүрийн өвчин илэрдэг. Тиймээс эрүүл мэндийн салбарыг улстөржүүлэхгүй байхыг хүсье. Эрүүл мэндийн салбараар оролдохоо больё гэж уриалж байна" гэв.


М.Батчимэг

Холбоотой мэдээ