“Сүүт аргалчин” цех зургаан нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-05-27 22:50:32

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын лам С.Энхтайваны санаачилгаар “Сүүт аргалчин” цех шинээр нээлээ. 

Тэрээр сав баглаа боодолтой зургаан нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж эхэлжээ. Утлагууд нь бүгд өөр өөр орц найрлагатай аж. Тухайлбал, монгол утлагад нь зөвхөн аргал оржээ. Үүнээс гадна хөх аргал, 7 жалганы хомоол, хөх хомоол зэрэг утлага байх ба аргал, ганга, цагаан зандага, улаан зандага зэрэг ургамлын орцтой утлага ч байна.  

Эдгээр малын гаралтай бүтээгдэхүүнүүдийг тусгай аргаар боловсруулан утаж хэрэглэж байхаар гаргажээ. Нутгийн олондоо “Сүүт лам” хэмээн хүндлэгддэг С.Энхтайван 20 гаруй жилийн турш өглөө бүр 10 гаруй км алхаж, нутгийн ууландаа сүү өргөдөг байна. Ингэж алхахдаа аргал хомоол түүж түлшиндээ хэрэглэдэг бөгөөд хоёр жилийн өмнөөс аргал хомоолын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийж, ийнхүү нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаагаа олжээ.

“Сүүт аргалчин” цехээс гарч буй нэг бүтээгдэхүүн болох хөх аргал нь нян бактерийг устгаж, энерги шингээдэг байна. Ялангуяа 0-3 настай хүүхдийн дэргэд уугиулахад харшлаас сэргийлж, муу энергиэс хамгаалдаг. 

Холбоотой мэдээ