Филипп Лянхарт: Монгол Улс сэргээгдэх эрчим хүч экспортлогч орон болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-06-04 17:02:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ” төслийн ажлын тайлан бэлэн болж өнөөдөр Засгийн газарт хүлээлгэн өгөх ёслол ГХЯ-нд боллоо.

Монгол Улс дахь сэргээгдэх эрчим хүчний нөөцийг бүс нутгийн улсуудын цахилгаан эрчим хүчний сүлжээнд нэгтгэх зорилготой дээрх төслийг АХБ-ын дэмжлэгээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд боловсруулж, техникийн дэлгэрэнгүй судалгааг Европын эрчим хүчний тэргүүлэх “Электрисите дэ Франс” компани хийж гүйцэтгэснийг төслийн ахлагч Филипп Лянхарт мөн танилцууллаа.


Тэрээр, “Монгол оронд нар, салхины эрчим хүчний асар их нөөц, түүнийг ашиглах боломж бололцоо их байна. Энэ нь Монгол Улсын хувьд их таатай нөхцөл бөгөөд бүс нутгийн улс орнуудын эдийн засаг болон эцсийн хэрэглэгчдэд хямд зардлаар, байгаль орчинд ээлтэй, аюулгүй эрчим хүчийг нийлүүлэх боломж гарч  байгаа”-г онцлон тэмдэглэсэн юм.

Улмаар Монгол Улс сэргээгдэх эрчим хүч экспортлогч орон болох боломжтойг хэлж байв. Тэрээр АБХ-наас боловсруулсан “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ” төсөлд түшиглэн энэ бүс нутгийн улс орнуудын Засгийн газар хамтран ажиллах боломжтой, ингэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм.


Төслийн талаар Эрчим хүчний дэд сайд Т.Гантулгаас тодруулбал, “Манай орны нутаг дахь нар, салхины эрчим хүчний нөөц нь Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадлаас даруй 1400 дахин их байгаа. Энэ нь Монголд сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц байгааг батлаж байгаа юм. Сэргээгдэх эрчим хүч гэдэг нь шавхагдаж дундаршгүй, бурханы хишгээр бидэнд заяагдсан баялаг.

Баялгийн нөөц нь манай улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулахаас гадна Зүүн хойд Азийн эрчим хүчний системд асар ихээр нөлөөлөх, улмаар бүх дэлхийг цахилгаанжуулахад Монгол Улс оролцоотой болон хувирч байгаа юм” гэдгийг онцлоод, “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ” тайлан гарснаар суурь судалгаанд үндэслэсэн тодорхой төслүүдийг хэрэгжүүлж эхэлнэ. Тэдгээр төслийн ТЭЗҮ гараад ирэнгүүт олон улсын банк, санхүүгийн  байгууллагууд сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлэх саналаа тавина” гэв.

Тухайлбал, Монгол, БНХАУ, ОХУ, бусад улсуудын хооронд сэргээгдэх эрчим хүчний ямар ямар эх үүсвэр байж, ямар хүчин чадлын шугамууд тавьж хэдий хэмжээний цахилгаан эрчим хүч дамжуулах юм гэдгийг судалж санхүүжүүлэх байдлаар өнөөдөр Монгол Улсын хүлээн авч буй “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ” тайлан бодитоор хэрэгжээд явах аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн 4-р чуулганд оролцох үеэр Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах санал гарч улмаар ажлын хэсэг байгуулсан юм.

Дээрх санал санаачилга өнөөдөр ажил хэрэг болох эхлэлээ тавьж, Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах бүс нутгийг хамарсан олон талт байгууллага байгуулах “Хамтарсан мэдэгдэл”-ийг төсөлд оролцогч орнуудын засгийн газар хэлэлцэж байна. Энэ дээр үндэслэн энэ оны есдүгээр сард мөн Владивосток хотноо чуулах Эдийн засгийн хуралд хамтарсан мэдэгдлийг чуулганы хөтөлбөрт оруулан гарын үсэг зурж баталгаажуулах юм байна.  

Б.Болд

Холбоотой мэдээ