Театр үзэгч иргэдээ зорин очиж, үйл ажиллагаагаа танилцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-06-13 15:46:17

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Иргэд, үзэгчид театрыг зорин очиж урлаг соёлын үйлчилгээ авдаг байсан бол энэ удаад театр үзэгчид рүүгээ очлоо. Тодруулбал, театрын үйл ажиллагаа, уран бүтээлчид, уран бүтээлээ ард иргэд, үзэгчиддээ амьдарч буй багийнх нь нутаг дэвсгэрт очиж хүргэх “Найрсаг Баруун-Урт –Театр” өдөрлөг болж байна. Тус өдөрлөгийг Баруун-Урт сумын бүх багийн нутагт дэвсгэрт хуваарийн дагуу явуулна. 

Энэ талаар аймгийн Жаахан шарга театрын дарга Г.Баярцогт хэлэхдээ, Театр үзэгчдээ зорин очиж буй явдал бол анхны тохиолдол. Хэдийгээр манай уран бүтээлчид хөдөө сумдаар бригадаар явж, уран бүтээлээ танилцуулдаг ч Баруун-Урт сумынхаа бүх багийн нутагт очиж, иж бүрэн тайз, тоног төхөөрөжийн хамтаар бүрэн хэмжээний тоглолт тавьж байсан удаагүй. Манай театрын үе үеийн шилдэг үзүүлбэрүүд энэхүү нэг цагийн тоглолтод багтсан.

Нөгөө талаар иргэд маань бидэнд өөрсдийн санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж, ямар уран бүтээл үзэхийг илүүд үзэж байна, урлаг соёлын ямар төрлийн үйлчилгээ дутагдаж байгаа талаар саналаа өгч байна. Үзэгчгүй бол театр байхгүй шүү дээ. Тиймээс бид нэн тэргүүнд үзэгчдийнхээ хэрэгцээ, хүсэлд нийцүүлэн уран бүтээлээ туурвих ёстой. Нөгөө талаар цаг үетэйгээ бас зохицох шаардлагатай.

Энэ хүрээнд манай хамт олон Халх голын ялалтын түүхт ойн хүрээнд Ч.Чимидийн “Маш нууц” жүжгийг тавихаар бэлтгэл ажилдаа ороод байна. Жүжгийн нээлт баяр наадмын өдрүүдэд болно. Цаашлаад энэхүү жүжгээ хил орчмын болоод алслагдсан отряд, хилийн заставуудад очиж тоглох төлөвлөгөөтэй ажиллаж байна хэмээв.

Жаахан шарга театрын уран бүтээлчид 2018 онд төлөвлөсөн бүх ажлаа 100 хувь хэрэгжүүлжээ.

“Найрсаг Баруун-Урт –Театр” өдөрлөгийг Жаахан шарга театр, Баруун-Урт сумын ЗДТГ хамтран хийж байгаа бол тус сумын багуудаас сонгогдсон аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид ивээн тэтгэжээ. 

Холбоотой мэдээ