Оюуны тамирчид цээж бодолтын олон улсын тэмцээнд оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Киргиз улсын Иссык Кол хотод энэ сарын 16-20-нд үргэлжилж буй "Mental Arithmetic-2019” цээж бодолтын нээлттэй тэмцээнд Монголын Оюун ухааны академийн 9 тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний 9 насны ангилалд Б.Манлай,
Ш.Ариун-Од нар мөнгөн медаль, Х.Мишээл хүрэл медаль хүртлээ. Харин том насны ангилал буюу 10
насны үндсэн ангилалд өрсөлдсөн Б.Эрмүүн хүрэл медалийн болзол хангасан бол
дээд түвшинд өрсөлдсөн Д.Хүслэн алтан медаль хүртэж түрүүлэв. Монголын оюуны тамирчид 53 дахь олон улсын
тэмцээндээ амжилтын буухиагаа ийнхүү
үргэлжлүүлж байна.
Өнөөдөр 11, 12 насны ангилалд Г.Мөнх-Оргил, Б.Итгэлмаа,
Б.Биндэрьяа нар өрсөлдөх бол тэмцээний төгсгөлд нийт 400 тамирчны дунд
зохиогдох "Absolute Champion” буюу "Үнэмлэхүй Аварга"
шалгаруулах тэмцээн явагдах юм.
Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн сурагчдаас гадна академийн харьяа "Язгуур" бага сургууль болон "Ивээлийн найзууд" цэцэрлэгийн хүүхдүүд багтжээ.
Шагнал гардуулах ёслол өнөөдөр орой болох аж.