Терроризмтой тэмцэх дээд хэмжээний бага хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-06-19 10:10:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд бүх нийгмийг хандуулах" дээд хэмжээний бага хурал Улаанбаатар хотноо энэ сарын 20-21-нд болно.


Өндөр дээд түвшинд болох бүс нутаг хоорондын тус бага хурлыг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл, ЕАБХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын Үндэстэн дамнасан аюул заналхийлэлтэй тэмцэх газар, НҮБ-ын Терроризмтой тэмцэх алба, Тагнуулын ерөнхий газрууд хамтран зохион байгуулах юм. Бага хурлаар Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэх бодлого боловсруулахад тулгарч буй өнөөгийн сорилт, сайн туршлагыг хэлэлцэх юм. Мөн тус бүс нутагт ЕАБХАБ-ын болон Азийн улс орнуудын хооронд яриа хэлцээ, хамтын ажиллагааг өрнүүлэхэд бага хурлын зорилго оршиж байна.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга тус байгууллагын гишүүн улс орнуудын терроризмтой тэмцэх эрх бүхий байгууллагын тэргүүн нарын өндөр дээд хэмжээний бага хурлыг санаачлан өнгөрсөн оны зургаадугаар сард Нью-Йорк хотод зохион байгуулсан Анхны хурлаас терроризмын эрсдэлийг арилгах зайлшгүй шаардлага байгааг бүх нийтээр зөвшөөрч дараагийн хурал болох хүртэлх  хоёр жилийн хугацаанд бус нутаг бүр терроризмтой тэмцэх сэдвээр бага хурлууд зохион байгуулахыг чиглэл болгосон. Энэ дагуу Монгол Улсын Терроризмтой Тэмцэх Ажиллагааг Зохицуулах Зөвлөлийн санаачилгаар энэ бага хурлыг зохион байгуулах болсон юм.

Холбоотой мэдээ