Засгийн газар Кино урлагийг дэмжих сан байгуулахаар төлөвлөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-06-28 13:26:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөлд уран бүтээлчдийн саналыг тусгах зорилго бүхий “Монгол Улсын кино урлагийн салбарыг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо.


Хэлэлцүүлэгт киноны уран бүтээлчдийн мэргэжлийн холбоод, кино бүтээгч студи, продакшны найруулагч, зохиолч, жүжигчид гээд 150 орчим төлөөлөл оролцож, саналаа хэлж, хуулийн төсөлд оруулах нэгтгэсэн саналаа Ерөнхий сайд болон хуулийн төсөл боловсруулах ажлын багийн ахлагчид хүргүүлэв.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Монгол хүнийг бий болгох суурь бол соёл урлаг, боловсрол. Түүний дотор кино урлагийн хүч нөлөө үлэмж их юм. Кино урлагийн хөгжил нь монгол хүний сэтгэхүй болоод техник технологийн хөгжлийг авчрах нэг гарц тул киногоор дамжуулж бид дэлхийд танигдах боломжтой. Иймд төрөөс кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд нэн тэргүүнд Кино урлагийг дэмжих тухай хууль батлах, Ерөнхий сайдын дэргэд Кино урлагийн зөвлөл байгуулах, Кино үйлдвэр барих, Кино урлагийг дэмжих сан байгуулахаар төлөвлөж, зарим ажлыг эхлүүлээд байна" гэв.


Энэ хүрээнд “Кино урлагийг дэмжих тухай” зургаан бүлэг 15 зүйлтэй хуулийн төслийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг УИХ-ын даргад өргөн мэдүүлснийг ажлын багийн гишүүд танилцуулж, хуулийн төслийн талаар оролцогчдын санал шүүмжлэлийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэв.



Хэлэлцүүлэгт оролцогчид кино, урлагийн салбарын харилцааг зохицуулах анхны хууль батлах нь зүйтэй гэдэгт санал нэгтэй байсан ч тодорхой хэд хэдэн асуудал дээр байр суурь зөрөлдсөн. Иймд тус тусын саналыг судалгаанд тулгуурлан боловсруулж, бичгээр хуулийн төслийн ажлын хэсэгт өгч идэвхтэй оролцоог хангаж ажиллахын зэрэгцээ үр дүнд нь амьдралд ойр “амьд хууль”-тай болох нь чухал гэдгийг Ерөнхий сайд зөвлөв. Мөн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулах Кино, урлагийг дэмжих тухай хуулийн төслийн ажлын хэсэгт мэргэжлийн уран бүтээлчдийнхээ саналыг тусгаж  ажиллахад идэвхтэй оролцохыг уриалсан.


Хэлэлцүүлгийн төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, "Монгол Улсын Засгийн газар Кино, урлагийн салбарыг хөгжүүлэх, хөл дээр нь босгоход онцгой анхаарч байгаа. Кино уран бүтээлчидтэй хоёр дахь удаа уулзаж хэлэлцүүлэг өрнүүллээ. Та бүхний идэвхтэй оролцоо, олон ургалч санал, хэлэлцүүлгийн дүнд Кино урлагийн салбарт нэгдсэн удирдлага хэрэгтэй байна гэдэг нь харагдаж байна. Иймд Кино урлагийг дэмжих Үндэсний хороо байгуулах талаар хуульчилж өгөх нь зүйтэй гэж үзэж байна" гэсэн юм. Түүний саналыг уран бүтээлчид дэмжиж, ажлын багт уламжлахаар тогтов.

Холбоотой мэдээ