Сэлэнгэ сумыг газар тариалангийн бүс нутгаар тогтоох санал гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-06-29 20:46:43

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ Сэлэнгэ сумын газар нутгийг газар тариалангийн бүс нутгаар тогтоох саналыг төрийн захиргааны төв байгууллагад уламжлахаар шийдвэрлэлээ.

          Тус сумын Таримал, Тариахтай, Сэлэнгэбүрэн, Сангалтай, Ингэт багуудыг тариалангийн бүс нутгаар тогтоох сумын ИТХ-ын саналыг аймгийн ИТХ-ын хуралдаанаас дэмжсэн байна.

          - Монгол Улсын тариалангийн тухай хууль, Засгийн газрын албан даалгаврын дагуу нийт суманд тариалангийн бүс нутаг тогтоох санал ирүүлэхийг уламжилсан. Гэтэл Сэлэнгээс бусад сумаас санал ирүүлсэнгүй гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан мэдэгдлээ.

          Газар тариалангийн бүс нутгаар тогтоовол мал аж ахуй эрхлэхэд бэрхшээл тулгарах уу гэсэн асуудалд Сэлэнгэ сумын Засаг дарга Ш.Насандулам:

- Засаг захиргааны нэгжээр газар тариалангийн бүс тогтооно гэж хуульд заасны дагуу санал оруулсан. Манай сумын баг тавуулаа суурин баг байдаг. Мал бүхий иргэд байгаа. Багт бүрт бэлчээрийн хэсэг гэж тогтоож байна. Сум болон багийн төвийн ойролцоо бэлчээрийн даац хэтэрсэн. Малаа эрчимжүүлэх чиглэл баримтална. Сумын нутаг дэвсгэрийн төлөвлөгөөг үндэслээд газар тариалангийн бүс тогтоох боломжтой гэж үзсэн. Газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж болон иргэд хамтраад бэлчээр чөлөөлөх асуудал тохирч байгаа гэж тайлбарлалаа.

Холбоотой мэдээ