Монголын хөлбөмбөгчдөөс анхны “Гавьяат тамирчин” төрлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-07-09 12:55:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн спортын төрлүүдээс хамгийн олон тамирчин, хөгжөөн дэмжигчтэй хөлбөмбөгийн спорт Монгол Улсад албан ёсоор хөгжөөд нэгэн Жаран туулаад байгаа билээ.


Түүхэн 60 жилийн ой нь тохиож буй Монголын хөлбөмбөгчдийн хөдөлмөр зүтгэл, амжилтыг Монгол Улсын төр засаг өндрөөр үнэлж төрийн өндөр дээд шагналын хур буулгалаа. Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өмнөх даваа гарагт /2019.07.08/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны үндэсний шигшээ багийн тамирчин, хөлбөмбөгийн түүхэн дэх олон улсын тэмцээний хамгийн олон гоолын эзэн, МХБХ-ны дэд ерөнхийлөгч асан Б.Буман-Учрал Монгол Улсын Гавьяат тамирчин цол тэмдгээр шагнуулсан юм.

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шагналыг гардуулахдаа"Монгол Улс, дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийн урьдчилсан шатны тэмцээнд оролцсон. Монголын шигшээ багийн анхны гоолын эзэн, олон улсын хэмжээний мастер, Монголын хөл бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Болдын Буман-Учралд Монгол Улсын гавьяат тамирчин цол олголоо. Хөл бөмбөгийн спортоос төрж байгаа анхны гавьяат тамирчин болж байгаад тань халуун баяр хүргэе" хэмээн онцолж хэлсэн юм.


Мөн хөлбөмбөгийн ногоон талбайгаас хөлбөмбөгт сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй МХБХ-ны ерөнхийлөгчийн зөвлөх Ш.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасан юм.




Мөн үндэсний шигшээ багийн тамирчин, шигшээ багийн туслах дасгалжуулагч, “Андууд сити” клубийн дасгалжуулагч Г.Даваа-Очир Төрийн дээд шагнал “Алтангадас” одон хүртсэн бол ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудад амжилттай тоглож, залуу үеийн үлгэр дууриал болсон хөлбөмбөгчин, “Дэрэн” клубийн Техникийн захирал, дасгалжуулагч Б.Гарьдмагнай Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан байна.

Холбоотой мэдээ