Казах курес бөхийн Азийн АШТ Монголд болно

Монголын мэдээ | Спорт
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-15 14:50:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казах курес бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-18-нд Монгол Улсад анх удаа болох тухай Монгол Бөхийн өргөөнд Азийн курес бөхийн холбооноос өнөөдөр мэдээлэв. 


Олон улсын казах курес бөхийн холбоо, Азийн казах курес бөхийн холбоотой хамтран зохион байгуулах тэмцээнд 11 орны 120 гаруй тамирчин оролцох юм.


Азийн казах курес бөхийн холбооны тэргүүн Х.Цагаанбаатар, "Монгол Улс энэ жилийн тэмцээнд зохион байгуулагч орны эрх эдлэж байгаагийн хувьд,  жин тус бүрт хоёр, мөн үнэмлэхүй жинд тамирчин оролцуулна. Монголын баг нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй. Монгол бөхийн өргөөнд болох уг тэмцээний жин тус бүрт түрүүлсэн бөхийг нэг мянга, үзүүрлэсэн тамирчинг 500, хүрэл медалийн эзэнг 300 ам.доллараар шагнана. Харин үнэмлэхүй жинд түрүүлсэн бөхөд гурван мянган ам.долларын шагналтай. МҮОНРТ, SPS телевиз албан ёсны эрхтэйгээр спорт сонирхогчиддоо тэмцээнийг шууд дамжуулан хүргэнэ" хэмээв. 



Тэмцээний тасалбарыг Бөхийн өргөөний тасалбар борлуулах цэг, Спортын төь ордны нэг давхрын "Yawara shop"-оос 10 мянган төгрөгөөр борлуулах аж. Нийт 1500 ширхэг тасалбар хэвлэсэн бөгөөд азтай нэг үзэгч "Приус-30" загварын автомашин хожих юм байна.

 

Дашрамд дурдахад, ноднин казах курес бөхийн Азийн АШТ-нд Монгол тамирчид гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн юм. 


Казах курес бөхийн Азийн АШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүн:

  • 55 кг: Даваанямын Бөхчулуун, Амарсанаагийн Хатансайхан
  • 60 кг: Пүрэвдагвын Алтанбагана, Батцэрэнгийн Энэбиш
  • 66 кг: Батзаяагийн Эрдэнэбаяр, Болдын Самбууням
  • 74 кг: Санжмятавын Баяртүвшин, Бат-Эрдэнийн Пүрэвдаваа
  • 82 кг: Баянмөнхийн Гаажадамбa, Батмөнхийн Алтансүх
  • 90 кг: Батнасангийн Тэнгис, Эрдэнэтогтохын Түмэннасан
  • 100 кг: Дэлгэрийн Цэрэнням, Ганын Түвшинжаргал
  • 100+ кг: Хутагийн Цогтгэрэл, Бередмуратын Серик
  • Үнэмлэхүй жин: Болдпүрэвийн Өнөржаргал
  • Багийн ахлагч: Г.Түвшинжаргал
  • Дасгалжуулагч: Ч.Болдбаатар
Холбоотой мэдээ