М.Вайсс: Сүүлийн үед Монголын шигшээ багийн ур чадвар, түвшин эрс өссөн

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-09-09 15:57:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын нийслэлд болж байгаа “Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан тоглолтын хоёр дахь тоглолт маргааш /2019.09.10/ Монгол, Тажикистаны хооронд болно.


Монголын шигшээ баг Мьянмарын шигшээ багийг 1:0-ээр хожиж түүхэн ялалт байгуулсан  бол Тажикистаны баг өөрийн талбай дээрээ Киргизийн багийг 1:0-ээр ялсан. Одоогийн байдлаар тэд F хэсгийг тэргүүлж байгаа бөгөөд маргааш манай талбайд энэ багууд 17 цагаас халз тоглоно. Энэ тоглолтыг Сирийн шүүгчид дэнслэх бөгөөд ерөнхий шүүгч нь 30 настай Ханна Хаттаб, түүнд Али Ахмад, Мазен Зазфоун нар томилогджээ. Дөрөв дэх шүүгчийн үүргийг БНАСАУ-ын Чое Кван Хон гүйцэтгэнэ.

Тажикистаны шигшээ багтай манай шигшээ баг урьд нь таарч байгаагүй. Тажикууд дэлхийн чансаагаар манай багаас 66-гаар өмнө буюу 119-д эрэмбэлэгдсэн. Өнөөдөр хоёр багийнхан хэвлэлийн бага хурал хийж, тоглолтын тухай сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


Тажикистаны багийн ахлах дасгалжуулагч Усмон Тошев: Киргизийн баг хүчтэй баг, бидэнд аз таарч хожсон. Манай F хэсэг ижил түвшний багууд багтсан. Ганцхан Японы шигшээ Азидаа төдийгүй дэлхийд хүчтэй баг. Харин бусад багийн хувьд хэн нь ч хожих магадлалтай. Манай багт нэг ч орос тоглогч байхгүй. Манай баг найрсаг уур амьсгалтай, цул болж чадсан энэ нь бидний хамгийн том давуу тал. Би Монголд олон удаа ирж байсан тул монголчуудыг эрэлхэг, зоригтой ард түмэн гэдгийг сайн мэднэ. Хөл бөмбөгчид нь ч мөн адил байх. Мьянмарыг ялсан тоглолтыг үзсэн. Маргааш маш сонирхолтой тоглолт болох нь гарцаагүй. Тажикистаны тусгаар тогтнолын баяр өнөөдөр болж байна. Тиймээс бид энэ баяр өдрөө ялалт авч ирэхээр Улаанбаатарт ирсэн.

Тажикистаны шигшээ багийн гол тоглогч, хагас хамгаалагч Парвизжон Умарбоев: Монголын багийн тоглогчдыг сайн мэдэхгүй. Бид хожихын төлөө тоглоно” гэлээ.

Монголын шигшээ багийн дасгалжуулагч Майкл Вайсс: “Сүүлийн үед Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн ур чадвар, түвшин эрс өссөн. Би Монголд ажиллаад 2 жил 6 сар болж байна. Энэ хугацаанд багаа хэрхэн өсөн дэвжиж байгааг өөрийн нүдээр харж байна. Гэмтэл бэртэлтэй хүн байхгүй, бүгд эрүүл саруул байгаа. Мьянмарыг ялснаар багийн сэтгэл зүй ч эерэг байгаа төдийгүй бэлтгэл хангагдсан. Тажикистаны шигшээ талбай дээрээ бараг ялагддаггүй баг. Би Филиппинд ажиллаж байхдаа нэг удаа Тажикистаны шигшээ багтай тоглож байсан. Бид ялахын хичээх болно” гэлээ.

Монголын шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал: “Тажикистаны шигшээ баг сайн тоглодог. Би ялна гэж амлахгүй ч ялахын төлөө хичээнэ. Бид Мьянмарыг ялсан болохоор сэтгэл зүй тайван, тоглоход бэлэн байгаа” гэв.

Холбоотой мэдээ