Э.Сумъяа Дэлхийн дэвжээнд дагах барилдаан хийхээр болов

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-09-17 15:06:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн барилдаан өнөөдөр /2019.09.17/ эхэлсэн бөгөөд манай 4 бөх барилдана.


Манай тамирчдын салхийг хагалж эмэгтэйчүүдийн 53 кг-д “Будапешт-2014” ДАШТ-ий мөнгө, “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Э.Сумъяа эхний тойрогт Камеруны бөх Эмилиенне Эссомбег 14:2-оор яллаа.


Тэрбээр дараагийн тойрогт ДАШТ-ий хошой хүрэл (2012, 2017), Европын АШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Грекийн бөх Мария Преволаракид 5:2-оор хожигдсон бөгөөд түүний медалийн төлөө барилдах эсэх нь Грекийн бөхийн ялалтаас шууд хамаарна.


Мөн эмэгтэйчүүдийн 50 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Ази тивийн аварга “Хасу-Мегастарс” клубын тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг эхний тойрогт “Монголиа опен”-ы мөнгө, хүрэл медальт, ОХУ-ын Екатерина Полешукт 9:7-гоор ялагдлаа. Эмэгтэйчүүдийн 72 кг-д барилдсан “Стамбул-2011” ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ Б.Оюунсүрэн эхний тойрогт Азийн хошой аварга, БНХАУ-ын бөх Палиха Палихад дийлдэв. Тэдний ялсан бөхчүүд нь хэсгээсээ гарвал дагаж барилдах юм.

Холбоотой мэдээ