Ирэх бямба гарагт "Эв нэгдэл дуатлон” УАШТ болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-18 13:10:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Триатлоны холбооноос "Эв нэгдэл дуатлон” УАШТ-нийг 2019 оны есдүгээр сарын 21-нд хоёр дахь удаагаа зохион байгуулна.


Монгол Улсад шинээр хөгжиж буй триатлоны спортоор хичээллэх тамирчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм. Тус спортоор хичээллэх хүсэл сонирхолтой хүүхэд, залуусыг бэлтгэн хөгжүүлдэг IronMan club, Монголын триатлоны холбоо, БСШУСЯ-тай хамтран триатлон, дуатлоны спортыг олон нийтэд сурталчлах, тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, триатлон, акуатлон болон дуатлоны спортоор хичээллэх тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа аж.   

Тэмцээнд гадаад, дотоодын болон тусгай олимпын тамирчид оролцох боломжтой. Оролцогчдын цахим мэдүүлгийг 2019.09.19-ний өдрийн 15.00 цаг хүртэл авах бөгөөд техникийн зөвлөгөөн 2019.09.20-ны өдрийн 18.30 цагт МҮОХ-ны 4 дүгээр давхрын хурлын танхимд зохион байгуулах юм. Зөвлөгөөний үеэр гар бүртгэл хийх бөгөөд тэмцээний өдөр шинээр оролцох тамирчдыг бүртгэхгүй аж. "Эв нэгдэл дуатлон УАШТ" "Элит", "Сонирхогч", "Мини дуатлон", "Багийн буухиа", "Тусгай олимп" гэсэн таван төрлөөр зохион байгуулна. Элит ангиллын оролцогчид засмал замын, бусад ангиллын оролцогчид бартаат замын дугуйгаар тэмцээнд оролцох юм.

Тэмцээний бүртгэлийг 2019 оны есдүгээр сарын 19-ний өдрийг хүртэл цахимаар бүртгэнэ. Тэмцээн олон улсын триатлоны холбооны дүрмийн дагуу Дуатлоны төрлөөр явагдана. Монголын триатлоны холбооноос томилогдсон шүүгч нар удирдан зохион байгуулна.

Тэмцээний ангилал тус бүрт эхний гурван байрт шалгарсан тамирчдыг медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнах юм. Мөн туулах замаа амжилттай дуусгасан бүх оролцогч нарт Finisher медалиар шагнах юм байна.

Холбоотой мэдээ