Туул голоо хамгаалахад иргэдийн оролцоо чухлыг сануулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dotood_editor@montsame.mn
2016-04-09 11:37:12

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны эцэст Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас Нийслэлийн агаарын болон Туул голын бохирдол, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдож байгаатай холбоотойгоор иргэдийг орчны болон агаарын бохирдлоос хамгаалах талаар Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдад тавьсан асуулгын хариуг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг танилцуулсан юм.

Сүүлийн жилүүдэд Туул голын бохирдол эрс нэмэгдэж, хотоос 160 км газарт ч бохирдлын хэмжээ их байна. Бохирдол ингэж хэт ихсэж байгаагийн үндсэн шалтгаан нь юу болох, үүний эсрэг ямар арга хэмжээ авч байгаа талаар салбарын сайд танилцуулахдаа, 2014-2015 онд БОНХАЖЯ-ны улсын хөрөнгө оруулалтын санхүүжилтээр Улаанбаатар хотын газрын доорх усыг дахин үнэлэх, гидрогеологийн сэдэвчилсэн судалгаа явуулах, эх үүсвэрүүдийн ашиглалтын зохистой горимыг тогтоох ажлыг хийсэн. Энэ ажлын хүрээнд Туул голын хөндий дэх ус хангамжийн төвдөрсөн болон төвлөрсөн бус эх үүсвэрүүдийн газрын доорх усны нөөцийг үнэлэхээс гадна Туул голын бохирдлын эх үүсвэрийг тогтоох ажлын хүрээнд судалгаа шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгсөн байдаг.

Тэрэлж тосгон, Харзтай, Баруун, Зүүн шохойн горхи, Баяндаваа, Уу булан орчимд бий болж байгаа суурьшил, амралт, аялал жуулчлалын томоохон цогцолборууд, Баруун шохойн горхины хайрганы карьер, Уу булан, Зуунмодны амны элсний карьераас бохирдол үүсэж байна. Мөн Өвөр горхи, Дээндий, Хуандай, Могойн дэнж, Гачуурт тосгоны суурьшлын бүс, гэр хороолол, болон Налайх, Городокын цэвэрлэх байгууламжийн бохир ус Налайх голоор дамжиж Туул голд цутгах зэргээр гол бохирдуулах нөлөөллийг үзүүлж байна. Цагаанхуаран, Амгалан, Хөлийн гол, Улиастай, Гачуурт, Залаат, Хүрхрээ, Чулуут зэрэг амуудад суурьшсан гэр хороолол, Улиастай, Гачууртын голын хөндийн суурьшил, Баянзүрх дүүргийн Амгалан, Хужирбулан зэрэг суурьшлын бүс, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь энэ эх үүсвэрийн тэжээгдлийн дотоод мужид байрладаг. Гачуурт орчмын аялал жуулчлалын газрууд, Монгол шилтгээн, түүний орчмын хаус хороолол, БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Органик Монгол” хөтөлбөрийн хүнсний ногооны хүлэмж, Амгалангийн ногооны талбай зэрэг газрууд нь уг ордын дэвсгэр талбай дээр байрлаж, газрын доорх усны тэжээмжийг бууруулж, бохирдох эрсдэлийг нэмэгдүүлж байна. Түүнчлэн засварын газар, машины зогсоол, нефть бүтээгдэхүүний агуулах, ШТС-ууд, дэд цахилгаан станцуудын трансформатор, конденсатор зэргээс бохирдол үүсэж болзошгүй. Үйлдвэрийн эх үүсвэрт суурьшлын бүс, гэр хороолол, ДЦС-ууд, барилгын материал, арьс шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэр байрладаг бөгөөд ялангуяа түүний урсгалын дээд талд ДЦС-З-ын үнсэн сан, мөн арьс ширний үйлдвэрийн Харгиа цэвэрлэх байгууламж, түүний лагийн талбайг байршуулсан нь гол бохирдуулах нөлөөллийг үүсгэж байна гэлээ.

Иймээс ойрын жилүүдэд зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухайд:

-Суурьшлыг хязгаарлах, талбайн хэмжээг өргөжүүлэхгүй байх, бохир усыг 100 хувь эргүүлэх ашиглах, хог хаягдлыг цуглуулж зайлуулах, аж ахуйн үйл ажиллагааг хориглох,

-Баруун шохойн горхины хайрганы карьер, Уу булан, Зуунмодны амны элсний карьерийн үйл ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөө багатай, бохирдолгүй байдлаар, тодорхой хязгаарын дотор олборлох хатуу шаардлагыг тавьж мөрдүүлэх,

-Шинээр суурьшил бий болгох, нүхэн жорлон ашиглах, шатах тослох материалын агуулах бий болгох, ус, хөрсийг бохирдуулах аливаа бохирдлын эх үүсвэрийг хязгаарлах,

-Мод огтлох, хөрсөн бүрхэвчийг гэмтээх, ургамлан нөмрөгийг талхлах бүхий л үйл ажиллагааг хязгаарлаж, ус хангамжийн дэвсгэр талбай, түүний тэжээгдлийн мужийг Хан Хэнтийн ДЦГ-ын хамгаалалтын бүсэд хамруулах арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай.

-Гэр хороолол, бохир ус цэвэршүүлэх системгүй хаус хороолол, амралтын газруудыг ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужид баримтлах ёстой дүрмийг хатуу мөрдүүлэх, цаашид суурьшлын талбайг нэмэхгүй байх,

-Налайх, Городокын ахуйн бохир ус Налайх голоор дамжиж Туул голд нийлж байгааг нэн даруй таслан зогсоож, түүнийг төвлөрсөн бохирын шугамтай холбох техникийн арга хэмжээ авах, бохир ус урсаж байсан голдрилыг цэвэршүүлэх,

-Тус бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа амралт, аялал жуулчлалын томоохон бүсүүд, тухайлбал, Гачуурт ресорт, хаус хорооллуудыг бохир усны төвлөрсөн сүлжээнд холбох,

-Ус хангамжийн эх үүсвэрийн дэвсгэр талбайд мод огтлох, ургамал гэмтээх, аливаа аж ахуйн үйл ажиллагааг эрс хориглох,

-Энэ эх үүсвэрийн дэвсгэр талбайн хилийг нарийвчлан тогтоож, тэмдэгжүүлэх, нийслэлийн тусгай хэрэгцээний газарт хамааруулах арга хэмжээ авах,

-Цахилгааны дэд станц, ШТМ, ШТС, химийн бодисын агуулах, МАА-н фермер, мөн хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө бүхий барилга, объектуудыг байгуулахгүй байх.

Түүнчлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн одоогийн эзэмшлийн талбайг нэмэгдүүлэхгүй байх, үйлчилгээний том цогцолборыг бий болгохгүй байх, мөн Туул голын татам, голдрил орчмоор бургасан төглүүдийн талбайг нэмэгдүүлэх замаар мод тарих, ойжуулах ажлыг хийх шаардлагатай байгааг салбарын сайд санал болголоо.

Салбарын сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл саналаа хэлсэн юм. Тэрээр Туул голоо хамгаалахад иргэдийн оролцоог хангах үүднээс Туул голоо хамгаалах өдөртэй болох, мөн Туул голын усны индексийг тогтмол гаргаж олон нийтэд мэдээлж байх, түүнчлэн Туул голын асуудал бол нийтийн өмчийн асуудал учраас “Туул гол” сан байгуулах, төр анхны эх үүсвэрийг нь бүрдүүлж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн дэмжлэг туслалцааг авахыг санал болголоо.

Эцэст нь асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар Туул голоо хамгаалахад төр засаг, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн бүрийн идэвхтэй оролцоо, хамтын хүчин чармайлт чухал. Төр, засгийн зүгээс ч тодорхой арга хэмжээ авах эхлэл тавигдаж байгаад талархаж байна гээд нийслэлийн иргэдийн амьдралын амин судас болох Туул голын усыг бохирдуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад хугацаатай үүрэг өгөөд хэрэгжүүлэхгүй бол эрх зөвшөөрлийг нь цуцлах хүртэл шийдвэртэй арга хэмжээ авдаг байх, мөн энэ ажилд төрийн бус байгууллагууд, олон нийтийн хяналт, сайн дурын оролцоог хангах нь чухал байгааг дурдав. Мөн тэрээр Засгийн газар, нийслэлийн удирдлагуудыг ажлаа хийхийг иргэдийн эрүүл мэнд хүлээхгүй гэдгийг дахин сануулж буйгаа хэллээ.

Үүгээр чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан хэлэлцэх асуудлаа дуусгасан гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Холбоотой мэдээ