Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулахад ЕАБХАБ хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-09-27 17:50:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн газрын Улс төрийн намын шинжээчдийн мэргэшсэн багийн гишүүн, Ноттингамийн Их сургуулийн Улс төр, олон улсын харилцааны дэд профессор Фернандо Касал Бэртуаг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын намрын ээлжит чуулганд өргөн барихаар хэлэлцэж буй энэ цаг үед уулзаж байгааг онцлон тэмдэглэлээ. Уулзалтаар намуудыг ардчилсан, нээлттэй, хариуцлагатай болгоход олон улсын чиг хандлага, манай улсын улс төрийн орчин, соёлд тохируулан эрх зүйн зохицуулалтыг хэрхэн боловсронгуй болгох талаар санал солилцлоо. Түүнчлэн хуулийн төсөл боловсруулахтай холбоотой судалгаа, намын гишүүнчлэлийн босгыг тогтоох талаар бусад улс орны туршлагыг ярилцав.


Уулзалтын төгсгөлд ЕАБХАБ-тай Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулахад хамтран ажиллахаар тохиролцлоо.

Холбоотой мэдээ