Бүтээгдэхүүнээ цахимаар экспортлох боломж нээгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-04 18:50:18
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын цахим худалдааны талбар Хятадын худалдааны зах зээлд томоохон байр суурь эзэлдэг. Тэгвэл бидэнд ойр байгаа энэхүү боломжийг түшиглэн Монголын бараа бүтээгдэхүүнийг БНХАУ, цаашлаад зүүн өмнөд Азийн орнуудын зах зээлд нэвтрүүлэх боломжийг өнөөдөр нээлтээ хийсэн “Хил дамнасан цахим худалдаа Е-Экспорт” төсөл олгох аж.  


Хятадын Alibaba.com, Taobao.com, WeChat зэрэг платформыг ашиглан олон сая хэрэглэгч бараа бүтээгдэхүүнээ хүргэх хүсэлтэй үйлдвэрлэгчдийн ажлыг хөнгөвчлөх уг төслийг МҮХАҮТ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын төлөөлөгчийн газар хамтран хэрэгжүүлж байгаа юм.  



МҮХАҮТ-ийн дарга Т.Дүүрэн: “ААН-үүд тус тусдаа гадны зах зээлд гарахаар сүүлийн 30-аад жил хөдөлмөрлөлөө. Энэ зарчим тийм ч үр дүнтэй байсангүй. Учир нь дангаараа экспорт хийхэд тодорхой хэмжээний хунд сурталтай тулгардаг. Харин одоо манай худалдаа эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ Е-Экспортын төслийн нэгжид хүлээлгэн өгөөд, хураамжаа төлөхөд л хангалттай. Гаалийн бүрдүүлэлт, тээвэрлэлт, хадгалалт, төлбөр тооцоо зэрэг бусад асуудлыг МҮХАҮТ хариуцан ажиллах юм. Монгол-Хятадын экспогийн дүнгээс харахад Хятадын зах зээлд манай ноос ноолууран бүтээгдэхүүн, эсгийн эдлэл, гар урлал, зарим хүнсний бүтээгдэхүүн эрэлт ихтэй байна. Хятад улс үйлдвэрлэгч бус хэрэглэгч орон болсныг тус улсын Дарга Си Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай энэ оны дөрөвдүгээр сард уулзах үеэрээ онцолсон. Мөн тэрбээр манай бараа бүтээгдэхүүнийг Хятадын зах зээл дээр гарахыг дэмжихээ илэрхийлсэн. Цахим худалдааны зах зээл зөвхөн Хятад улсаар хязгаарлагдахгүй. Цаашид ОХУ, ХБНГУ-ын худалдааны зах зээлд нэвтрэхийг зорьж байна. Энэ хүрээнд ОХУ-ын Худалдааны танхимтай урьдчилсан хэлэлцээр хийсэн, одоо тус улсын Засгийн газрын түвшинд яригдаж байгаа. ХБНГУ-ын Худалдааны танхимд ирэх 11 дүгээр сард “Хил дамнасан худалдаа Е-Экспорт” төслийг танилцуулна” гэлээ.



ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Т.Батцэцэг: “Дэлхийн улс орнууд цахим худалдааг ихээр дэмжих боллоо. Аливаа гадаад худалдаа гааль, мэргэжлийн хяналт зэрэг хэд хэдэн байгууллагын оролцоотой өрнөдөг. Эдгээр байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах нь худалдаа эрхлэгчдэд чухал дэмжлэг болно. Манайх шиг далайд гарцгүй оронд худалдааг цаасгүй буюу цахим хэлбэрт шилжүүлбэл худалдааны зардал мэдэгдэхүйц буурна гэж олон улсын байгууллагууд үздэг. Өнгөрсөн онд НҮБ-ын Нийгэм, эдийн засгийн комисс манай орны цахим худалдааны эрх зүй, техникийн орчны судалгааг хийсэн. Судалгааны дүн энэ дөрөвдүгээр сард гарсан бөгөөд цахим худалдаа хийх эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй байна гэж дүгнэсэн. Ялангуяа цахим худалдааны тухай хууль, мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийг яаралтай баталж, бүс нутгийн хил дамнасан цахим цаасгүй худалдааны хэлэлцээрт нэгдэх шаардлагатайг тэд хэлдэг. Бүс нутгийн олон талт хэлэлцээрийн боломжийг ашиглан цахим худалдаа хийх хууль эрх зүй,  техникийн орчноо сайжруулах боломжтой” хэмээв.



“Хил дамнасан цахим худалдаа Е-Экспорт” төслийн удирдагч Д.Ариунжаргал: “Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэхийн тулд Хятадын зах зээлд дээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах нь хамгийн чухал. ӨМӨЗО-ны Баяннуур хот уур амьсгал, хүмүүсийн аж амьдралын хувьд манай улстай төстэй. Түүнээс гадна энэ аймаг Хятад даяар алдартай цахим талбаруудыг үүсгэж, бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргасан туршлагатай. Эхний ээлжид бид хил гаалийн хорио цээргүй бүтээгдэхүүнийг экспортлохоор судалж байна. Төслийн явцад мах, сүүн бүтээгдэхүүн зэрэг тодорхой хэмжээний хяналт шаарддаг бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх саналыг хоёр улсын холбогдох байгууллагуудад тавьсаар байх болно” гэлээ.



 

Холбоотой мэдээ